Categories
мэдээ цаг-үе

Түмнийг туйлдуулах төсөв өргөн барилаа

“Өдрийн сонин”-ы наймдугаар сарын 24-ий №194(5459) дугаарт гарсан нийтлэлийг хүргэж байна.

Энэ сарын 25-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар товтой байгаа ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж захирамж гаргаагүй байна. Б.Чойжилсүрэн сайд өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол хэлэлцэх болсноор хэдэн жилийг үдсэн. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголыг тойрсон асуудлууд Рио-гийн олимпийн медалийн шокноосоо гараагүй монголчуудын хувьд давхар цохилт болон хувирав. Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн урсгал зардлын хэмжээг 6.655.6 тэрбум төгрөг байхаар тооцоолсон нь анх батлагдсан түвшнээс 432.9 тэрбум төгрөг буюу долоон хувиар, 2015 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 14 хувиар нэмэгдэхээр төсөвлөөд байгаа аж. Төсвийн тодотголд туссан олны анхаарал татаж буй зарим заалтыг хүргэе.

ХАМТЫН ТЭТГЭВЭР БАЯРТАЙ

Саяхандаа, 2015 оны арванхоёрдугаар сарын дөрөвний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 88.1 хувийн саналаар АН, МАН-ын гишүүд хамтдаа уг хуулийн төслийг баталж байлаа. Түүнээс хойш ердөө найман сарын дараа МАН-ын Засгийн газраас Хамтын тэтгэврийн хуулийг “амь” орохоос нь өмнө цаазлахаар оруулж ирлээ. Учир нь уг хуулийн төсөлд туссанаар гэр бүлээ албан ёсоор батлуулан 15-аас дээш жил амьдарсан ахмад настан, гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувийг хань нь өөрийн тэтгэвэр дээр нэмж авахаар тусгаад байсан. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь дөрвөн сарын дараа буюу ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэх байв.

Яригдаж эхэлсэн цагаасаа хойш дөрвөн жил дуншсан “Хамтын тэтгэврийн тухай хууль” ханиа алдсан ахмадуудад хань болохгүй ч дэм болох учиртай байсан ч ийнхүү эцсийн амьсгалаа татах цаг нь энэ ээлжит бус чуулган болж таарах нь. Уг хуулийн төслийн хэрэгжих хугацааг нь хойшлуулж болох байтал тэр чигт нь хүчингүй болгуулахаар оруулж ирсэнд ахмадууд үнэхээр гомдолтой байна.

Хууль хэрэгжихэд эргэлзэх зүйлгүй хэмээн тухайн үед УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас гадна УИХ дахь МАН-ын ялангуяа эмэгтэй гишүүд хамгийн их ярьсан. Хамтын тэтгэврийн тухай хуулийг мэндлэх гэж буй хүүхэд байсан гэж үзвэл ахмадууддаа арай л эрт төмөр өлгий зэхсэн байж, энэ төрийн түшээд. Уг хууль хэрэгжиж эхэлбэл 53.3-75.6 тэрбум төгрөгөөр тэтгэврийн сангийн зардал нэмэгдэж, алдагдал мөн нэмэгдэнэ гэж үзжээ. Алдаа онооны дэнсийг атгаж, алдаж өнөөдрийн Монголыг босгосон ахмадуудаасаа энэ зэргийн мөнгөө харамлах үгүйгээ ээлжит бус чуулганаар дэнсэлнэ.

АМЬТНЫ ҮРИЙГ АЛАГ ҮЗЭХҮҮ

Хүүхдийн 20 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг өрхүүд хэдэн мянгаар тоологдоно. “Адилхан амьтны үрийг алаг үзэж болохгүй. Бүх хүүхдэд 20 мянгыг нь өгөх ёстой хэмээн хамгийн их хашгирсан улс төрийн хүчин бол МАН. Өдгөөгөөс жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоно гэхэд “Хүүхдийн төлөө за гэж хэл” хэмээн мөн л микрофоны араас хамгийн их орилж бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авахаар болсон. Харамсалтай нь энэ удаагийн мөнгийг амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлгийн өрхийн хүүхэд бүрт олгоно хэмээн Төсвийн тодотголоор орж ирлээ.

Энэ удаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид төсвийн боломжтой уялдуулан 2019 оноос бүх хүүхдэд олгохоор хуулийн төсөлд тусчээ. 2020 он бол сонгуулийн жил, сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг бид бүх хүүхдэд олгохоор боллоо хэмээн сонгуулийн шоугаа эхлүүлэх нь дамжиггүй. Нэг үгээр хэлбэл, өөрсдийн гараар устгасан зүйлээ буцаан бий болгож өөрсдөө шинэ зүйл сэдсэн мэт шоудах нь л дээ гэсэн хардлага хаа хаанаа байгаа юм. Үнэндээ хүүхдийн мөнгөө буухаар хичээлийн хэрэгсэл, форм авч өгөх гэсэн хэчнээн эцэг, эх хүлээж буйг МАН-ынхан мэдэх л учиртай.

2016 оны 7-12 дугаар саруудад өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгохоор тооцсон нь эцэг, эхчүүдээ байг гэхэд олон хүүхдийг бүлтийтэл өмөлзөхөд хүргэлээ.

ОЮУТНЫ 70200 ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ЗОГСОЖ, АВТОБУСНЫ БИЛЕТИЙН ТАЛ ҮНИЙГ ОЮУТНУУД ТӨЛНӨ

Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70200 төгрөг олгохыг зогсоохоор төсвийн тодотголд тусгаад байгаа нь “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжихээсээ өмнө зогссонд бухимдаж буй оюутнуудын бухимдал дээр тос нэмэв. Оюутны 70200 төгрөгийг татсанаар 2016 онд 11.7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцоод байгаа юм.

Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоохоор тусгажээ. Харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтын арга хэмжээг авахаар тооцоод байгаа аж. Энэ хэмнэлтийг хийснээр энэ оны төгсгөлийн гурван сард 9.6 тэрбум төгрөг хэмнэх бол цаашид жил бүр 19.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоод байна. Оюутны нийтийн тээврийн татаасны 50 хувийг төрөөс хариуцах, бусад хэсгийг тухайн оюутан хариуцдаг болохоор тус тус тооцоод байгаа юм.

ЗУРГАА БИШ ГУРВАН САРЫН ТЭТГЭМЖ ХҮРТЭНЭ

Энэ удаагийн төсвийн тодотголоор бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагч гурван сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг болох юм байна. Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох бүтцийн өөрчлөлтийн тэтгэмжийн хэмжээ тооцох хугацааг зургаан сар байгааг гурван сар болгон бууруулахаар тооцсон ба 2016 онд 1.697.8 сая төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ.

Мөн эмнэлгийн ажилчдад олгох урамшууллыг хойшлуужээ. Жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахаар тусгаад байна.

ШҮҮГЧИД БОЛОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЦАЛИНГ БУУРУУЛНА

Төрийн өндөр албан тушаалтны цалин бууруулах болсон талаарх мэдээлэл гарахад дарга нар нь таагүй хүлээж авсан нь үнэн. Зарим улсын үйлдвэрийн газруудын дарга нарын цалин 30 сая төгрөг байдгийг дуулсан монголчууд золтой л цус харвачихаагүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах шаардлагын улмаас зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх, үүний дотор нэн тэргүүнд төрийн удирдах албаны зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тооцоод байгаа юм. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахаар тусгав.

Мөн төсвийн тодотголоор шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай ижил түвшинд хүргэж, бууруулахаар тусгасан байна. УИХ-ын 2011 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 45 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг хоёр сая 700 мянган төгрөгөөс гурван сая 300 мянган төгрөг байхаар тогтоож хэрэгжүүлсэн. Гэсэн ч нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчинг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгав. Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулах аж.

ЦӨӨН ҮГЭЭР:

Засгийн газрын зүгээс орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахаар ээлжит бус чуулганыг хүлээж байна.

-Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөх юм.

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем нэвтрүүлэх. Хадгаламж эзэмшиж гаднын орнуудынхан шиг хөлжиж чаддаггүй монголчуудын хувьд цөөн хэдэн төгрөг хадгалуулсан бол таны орлогын хүүгээс татвар авахаар тусгаад байна.

-Алтыг Монголбанкинд тушаасан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, ашигт малтмалын нэмэлт төлбөр “0” хувь байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оныг хүртэлх хугацаанд үйлчлэхээр байгаа юм. Энэ хувь хугацааг 2017 он болгож урагшлуулах,

-Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар нэмэгдүүлэх,

-Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй (4500см³-аас дээш) суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш долоогоос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах,

-150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулахаар тусгасан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Харин Сангийн яамны зүгээс зарлага бууруулах чиглэлд арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй танилцана уу.

-Тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэхээр тусгасан байна. Нэг үгээр хэлбэл, ганц жилийн дараа насныхаа тэтгэвэрт суух байсан бол дахин хэдэн жил ажиллах ёстой болж таарч байгаа юм.

-Дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг таван пунктээр нэмэгдүүлэхээр тусгаад байна.

-Тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгохоор тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч хэзээ ч үр дүнг нь хүртэж байгаагүй хэмээн гомдоллодог монголчуудын хувьд улам дарамт болж ирэх нь тодорхой.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *