НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар хийсэн “Монгол Улсын хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурал” судалгааны дүнг өнөөдөр танилцуулав. Уг судалгааг хийхдээ, олон хэмжээст буюу өрхийн орлогын ядуурлаас гадна хүүхдэд дутагдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл ахуй, хүнсний хомсдол, ундны усны хүртээмж зэргийг хамруулсан бөгөөд Үндэсний Статистикын Хорооны өрхийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг ашиглажээ. Судалгааны дүнгээр, манай улсын нийт хүүхдийн 30.1-36,5 хувь нь ядуурлын шугамнаас доогуур орлоготой өрхөд амьдарч байгаа ба ядуу өрхийн хүүхдүүд өндөр орлоготой айлын хүүхдүүдтэй харьцуулахад цэвэр ундны эх үүсвэрийн хангамж 10-11 хувиар бага, боловсролын түвшин доогуур, бусад өөрийгөө хөгжүүлэх үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Мөн хүүхдийн сургуульд хамрагдах тоо нь бусад оронтой харьцуулахад харьцангуй сайн байгаа хэдий ч сургалтын орчин, чанар зэрэг нь дутагдалтай байгааг онцолжээ. Мөн 0-23 сартай хүүхдийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хооллох тохиолдол их байгаа ба нярай үедээ эхийн сүүгээр дагнан хооллоогүй хүүхэд бие бялдар, суралцах чадвар удаашралтай байдаг гэжээ. Тиймээс нярай хүүхдүүдийн 12 хувь нь өсөлтийн хоцрогдолтой гэсэн дүн гарчээ. Түүнчлэн нийт хүүхдийн 60-66 хувь нь гурваас доошгүй гачигдалд өртөж байгаа ба ихэвчлэн хөдөө орон нутагт, тэр дундаа баруун болон хангайн бүсэд байгааг онцоллоо. Тиймээс Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагуудыг өрхүүдийг зөвхөн орлогын ядуурлаас хамгаалах, олон хэмжээст гачигдлаас сэргийлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыгНҮБ-ын Хүүхдийн сан, Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгээс зөвлөлөө.