Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Олон хоног дугаарлаж зогссоны эцэст хүүхдүүдээ цэцэрлэгт оруулчихмаар байна шүү дээ”

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Бүртгэл энэ сарын 28-ныг дуустал явагдана. Энэ жил улсын хэмжээнд 2-5 насны 116 мянга 500 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байгаа аж. Мөн цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэгвэл эцэг эхчүүд бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө хонон өнжин дугаарладаг, тэгвэл бодит байдал дээр цэцэрлэгүүдийн бүртгэл хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжиллаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн хувьд өглөөний есөн цагаас эхэлсэн бөгөөд шинээр элсэн орж буй хүүхдүүдээ эцэг, эхчүүд нь эмх замбараатай дараалан зогсч бүртгүүлж байлаа.

Нийслэлийн тэргүүний гэгддэг БЗД-ийн 22 дугаар цэцэрлэг бүртгэлийн асуудлаас болж эцэг эхчүүдийн шүүмжлэлд өртөөд байгаа аж. Тодруулбал, 22 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ нас насны ангиллаар буюу өнөөдөр хоёр настай хүүхдүүд маргааш гурав, нөгөөдөр дөрвөн настай хүүхдүүдийг бүртгэнэ гэсэн хуваарь гаргасан байна. Мөн хүн ам, өрх айлын тоогоороо нийслэлдээ дээгүүрт бичигддэг энэ дүүрэгт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа талаар эцэг, эхчүүд онцлон ярьж байлаа. Энэ асуудлаас болоод эцэг эхчүүд ихээхэн бухимдалтай байгаа аж. Эцэг эхчүүдийн хэлж буйгаар “Биднийг эхлээд юу ч гэсэн бүртгүүл, дараа нь хүлээж бай, хариу өгөх болно гэж хэлсэн. Хонон өнжин оочерлон байж бүртгүүлж байхад насны ангиллаар нь өдөр өдрөөр бүртгэх юм гэнэ. Бид хийх ажилгүй хүн байгаа биш дээ. Өдөр болгон цэцэрлэгийн үүд манасаар байгаад ар гэрийн ажил хэцүүдлээ. Олон хоног ингэж зогссоны эцэст хүүхдүүдээ цэцэрлэгт оруулчихмаар байна шүү дээ” хэмээн бухимдуухан ярилаа.

Бүртгэлийн дараа сугалаа явуулна гэсэн яриа эцэг эхчүүдийн дунд цөөнгүй гарч байлаа.

Харин Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэг хоёр цонхоор 2-5 настай хүүхдүүдийг бүртгэж, эцэг эхчүүдэд хүндрэлтэй байгаа зарим асуудлуудыг шийдэж өгчээ. Энэ цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж буй эцэг, эхчүүд бүртгүүлэхэд ямар ч асуудал тулгарсангүй хэмээн ярьсан юм.

Б.УЯНГА

Б.МӨНГӨНСОР

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *