БНСУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон 11 хүн Монгол Улсад айлчилж байна. Солонгос, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хамтын ажиллагааны дөрвөн жилийн ой энэ жил тохиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол, Солонгосын сэтгүүлчид харилцан айлчлал хийж, тус тусын орны түүх, соёл, ёс заншил, хэвлэл мэдээллийн салбартай танилцдаг болоод дөрвөн жил болж байгаа юм. Өнгөрөгч тавдугаар сард Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллийн хамтаар Монголын хэвлэл мэдээллийн 10 сэтгүүлч Солонгост айлчилсан. Үүний хариуд Солонгосын талын 11 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын захирлууд энэ удаад айлчилж байгаа аж.
Айлчлалын бүрэлдэхүүнд Солонгосын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Jung Kyu Sung, болон дөрвөн дэд тэргүүн, “The Joong Bu Maeil”, “MBC”, “Gyeongi-gi ILbo”, “The Kyunghyang Daily News F” зэрэг сонин, сайт, телевизийн төлөөлөл иржээ.
Энэ хүрээнд өнөөдөр 11.30 цагт Солонгос, Монголын сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан юм. Уулзалтад Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Солонгосын төлөөлөгчид уулзалтын үеэр Монголын телевизүүдийн өнөөгийн нөхцөл, санхүүжилтын талаар сонирхон асууж байв. Мөн цаашид хоёр орны сэтгүүлчдэд түүх соёл, уламжлал, хэвлэл мэдээллийн нөхцөлийг судлах замаар цаашид контент хамтран бэлтгэх боломж бийг ч энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид онцолж байлаа.