Бразил улсын Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн “марафон” гүйлтийн уралдаан боллоо.
Уралдааныг 42 км 195 метр зайг Кенийн тамирчин Элиуд Кипкоге 02 цаг 08 минут 44 секундын амжилтаар тэргүүлж, олимпийн аварга болсон аж. Мөнгөн медалийг Этиопын Лилеса Феиса 02 цаг 09 миниут 54 секундын амжилтаар хүртсэн юм. Мөн АНУ-ын Рупп Гален нарын тамирчид хүрэл медалийг хүртлээ. Энэхүү уралдаанд манай тамирчин Б.Сэр-Од 02 цаг 24 минут 26 секундын амжилтаар 92-р байрт орлоо. Анх удаа олимпийн наадамд өрсөлдсөн Д.Гантулга 107, Ц.Бямбажав 130-р байрт орсон юм. Марафоны тэмцээнд 155 тамирчин гараанаас гарснаас 14 тамирчин замаа дуусгаж чадаагүй ажээ.