Японд Хориэ Такафүмиг мэддэггүй хүн ховор. Тэрбээр интернэт үйлчилгээний асар хурдтай өссөн “Лаивдоор” компанийг байгуулсан, олны анхаарлын төвд байдаг медиа од. Түүний Кинки их сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлсэн үг японы интернэтээр трэнд болжээ. Тэрбээр хэлэхдээ “Та бүхэн 10 жилийн өмнө ухаалаг утас бариад, алхангаа утсаа ухаж яваа өөрийгөө төсөөлж байсан уу. Би ч төсөөлөөгүй, та нар ч төсөөлөөгүй. Ирээдүйд зугаатай сайхан зүйлс зөндөө. Тэрийг яаж бүрэн амсаж, сайхан амьдрах вэ, тэгэхийн тулд одоод л бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй. Яагаад би ийм олон алдаж, ийм хэцүү зүйлс туулж, ийм олон хүнд хууртагдаж…тэгсэн хэрнээ яагаад ийм сайхан сэтгэл дүүрэн амьдарч байна вэ гэвэл “Би одоо цагт амьдардаг болохоор тэр юм. Ирээдүйгээс айлгүй, өнгөрсөнтэй зууралдалгүй, өнөөдрөөрөө амьдраарай гэжээ. Энэ бол амьдралд хайртай, хүсэл тэмүүлэлтэй байхын нэг жишээ.
Хориэ Такафүмигийн хэлсэнтэй утга дүйх Далай ламын нэг сайхан сургааль бий. Тэр бол “Бидний амьдралд юу ч хийх боломжгүй хоёр өдөр байдаг. Нэг нь өчигдөр нөгөө нь маргааш. Тиймээс хайрлах, итгэх… амьдрахаа өнөөдөр л хий гэсэн байдаг.
Өнөөдөр гэдэг өдөр байгаа ч маргааш юу болохыг бид мэдэхгүй. Тэгэхээр өчигдөр ямар нэгэн зүйлийг хийгээгүй, хийж чадаагүй бол өнөөдөр л хий гэсэн үг. Иймд өнөөдөртөө, одоо цагт амьдарч, амьдралаа хэрхэн утга төгс, бүтээмжтэй байлгах нь биднээс хамаарах аж. Тийм болохоор уншигч та өнөөдрийг битгий алдаарай. Далай ламын хэлсэнчлэн тэр тусмаа хайрлах, итгэх, тэмүүлэхээ нэг өдрөөр ч алгасаж болохгүй. Учир нь хэн нэгний амьдралд хэдэн өнөөдөр байгааг мэдэх аргагүй юм.