Бразилын Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны олимпийн 31-р наадмын гурав дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медалийн төлөөх барилдаанд Бразилын бөх Р.Сильвад оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.
Бүхий л хүч, бололцоогоо дайчлан барилдаж, алтын дайтай мөнгө авсан эрхэм жүдоч бүсгүйгээ “Рио 2016” олимпийн наадамд оролцож буй Монголын баг хамт олон штабтаа хүлээн авч баяр хүргэн, урамшуулал олгосон байна. Тус урамшууллыг Монголын багийн ахлагч ахлагч Ж.Хатанбаатар тэргүүтэй МҮОХ-ны төлөөлөгчид гардуулан өгчээ. МУГТ Д.Сумъяа “Рио-2016” олимпийн наадмын жүдогийн төрөлд медаль авсан манай улсын хамгийн анхны эмэгтэй тамирчин, “Рио”-гийн олимпийн анхны медальтан болсон билээ.
О.ӨНӨР