Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.
-Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн бодитой арга, гарц гэвэл та юуг онцлох вэ?
– Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр. Эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Валютын нөөц сайн биш учраас долларын ханш нэмэгдэх магадлал өндөр байгаа. Наймдугаар сарын сүүл есдүгээр сараас долларын ханш эрс өсдөг хандлага ажиглагддаг. Сургууль, цэцэрлэг, их сургууль гээд бүх юм есдүгээр сараас эхэлдэг. Хичээлийн хэрэгсэл, хувцас худалдаж авах, сургалтын төлбөр хийх гэх мэт асуудал үүсч, худалдан авалт идэвхжээд эхэлдэг учраас доллар өсөхөөс аргагүй шалтгаан үүсдэг гэсэн үг. Нөгөө талаас экспорт сайн биш байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлсөөр байна. Экспорт өсөх хандлага ойрын хугацаанд лав харагдахгүй байна. Тэгэхээр Монголын хувьд хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол өмнө хэлсэнчлэн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. “Стэнд бай” бол ОУВС-гаас хэрэгжүүлдэг, санал болгодог хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн талаар өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг л даа. “Стэнд бай” хөтөлбөрт Засгийн газраас хүсэлт гаргаж хамрагддаг юм. Энэ хөтөлбөрт хамрагдсаны сайн тал гэвэл хэд хэд бий. Нэгдүгээрт гаднаас хямд эх үүсвэртэй, хямд өртөгтэй санхүүжилт орж ирнэ. Хоёрдугаарт санхүүгийн болон эдийн засгийн хямралуудыг даван туулах тусгайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүргийг тухайн улс орон хүлээдэг юм. Санхүүгийн сахилга батыг нэлээд чанд сахих үүрэг хүлээдгээрээ онцлог хөтөлбөр гэж ойлгож болно. Энэ утгаараа нэгэнт үүсчихсэн эдийн засгийн хүндрэлтэй үед цагаа олсон алхам болно гэж бодож байна. Их хэмжээний өртэй, зээлжих зэрэглэл буурсан, эдийн засаг нэлээд муудсан нөхцөл байдалд хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай”.
-Эдийн засаг хүндхэн үед зам, эрчим хүч гэх мэт суурь дэд бүтцүүдээ шийдчихвэл сайн цаг ирэхэд илүү эрчтэйгээр урагшилна гэж шинжээчид зөвлөдөг. Мэдээж ОУВС өгсөн мөнгөөрөө зам тавь гэхгүй байх. “Стэнд бай” хөтөлбөрийг энэ талаас нь шүүмжлэхээс аргагүй санагддаг…?
-Манай улс нэлээд онцлогтой орон. Импортоос хараат хэвээр байгаа. Экспортод гарч байсан голлох бүтээгдэхүүн болох түүхий эд гээд ярихаар уул уурхайн салбарт хамаардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан, үнэ ханшаас болж экспортын хэмжээ огцом багассан гэх том бэрхшээл байна. Үйлдвэржилт гээд харахаар экспортод гаргачихаар дорвитой, ахицтай зүйл алга. Ихэнх хэрэглээгээ гадаадаас хангаж байгаа болохоор валютаас хараат байдал маань хэвээрээ гэсэн үг. Уул уурхайгаас хараат гэдэг нь хэвээрээ. Зам, дэд бүтэц тавихын тухайд мэдээж хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засгийн үр өгөөжийг нь харах хэрэгтэй л дээ. Замыг эдийн засаг талаас нь хараад үзэхээр ашиглаж чадвал зайлшгүй шаардлагатай. Цөөхөн хүн амтай сумын хувьд ийм хүнд үед заавал зам тавих шаардлагагүй. Харин эдийн засаг сайн үед байж болох асуудал. Манай улсын сул талын нэг нь дэд бүтэц сул хөгжсөн явдал мөн л дөө. Гэхдээ эхлээд хаагуур зам тавих вэ гэдгээ эрэмбэлэх хэрэгтэй. Ингэсний эцэст дэд бүтцээ тавибал зүгээр.
-“Стэнд бай” хэрэгжсэн тохиолдолд долларын ханшид ямар нөлөө үзүүлэх бол, ханш тогтворжих болов уу?
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар долларын ханш тогтворжино. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд уул уурхай сэргээгүй, валютын нөөц бага, өөр бүтээгдэхүүн экспортолъё гэхээр эдийн засаг хүчтэй нөлөөлөхөөр зүйл алга, гадаад хөрөнгө оруулалт буурсан гэсэн эрсдлүүд бий. Байдал энэ хэвээр үргэлжилбэл долларын ханш өссөөр байна.
-“Стэнд бай” хөтөлбөрөөс өөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай алхмууд гэвэл юу байна?
-Санхүүгийн зах зээлийг либериалчлах хэрэгтэй. Аливаа бизнесийг хөгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байдаг. 96 хувь маань банкнаас хараат байгаад байгаа нь энэ салбар либериалчлагдаагүйтэй холбоотой. Санхүүгийн бусад эх үүсвэр, арга хэрэгслийг идэвхжүүлэхгүй, боломжийг нь олгохгүй байгаа учраас бизнес сайн хөгжихгүй байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй яам, агентлагийн бүтцийг харахаар гадаад хөрөнгө оруулалтыг хариуцсан газар байхаа больсон гэж харагдаж байна л даа. Манай эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Гадаад хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаад өөр яамны харьяанд оруулах нь зөв алхам биш. Үе үеийн Засгийн газар гадаад хөрөнгө оруулалтын газрыг зайлшгүй хадгалж үлдэх ёстой. Харин ч гадаад хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааг нь бэхжүүлээд маш идэвхтэй баг бүрдүүлж ажиллах учиртай. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалдаг маш хүчтэй байгууллага болгочихвол эдийн засагт хэрэгтэй гэж харж байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт ойрын ирээдүйд ямаршуу байх төлөв ажиглагдаж байна вэ?
– Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд сонгуулийн өмнөхөн ямар нам ялах бол, засаг яаж бүрдэх нь вэ гэдэг дээр хүлээлттэй болчихсон байдаг. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж яриад эхэллээ. Наймдугаар сар гарчихлаа. Манай улсын хувьд барилгын сезон богинохон байдаг. Наймдугаар сараас том төслүүдийнхээ асуудлыг ярьж эхэлсэн гэхээр шийдвэр гартал наад зах нь хоёр, гурван сар болно. Аль төслүүдээ хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал бий. Олон улсын тендер зарлаж таарна. Тендерт хөрөнгө оруулагчид саналаа ирүүлнэ. Компаниудыг сонгон шалгаруулна, дараа нь гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны эцэст хөрөнгөө оруулна. Ингээд харахаар энэ жилдээ багтахааргүй их ажил харагдаж байгаа. Тэгэхээр энэ онд лав хөрөнгө оруулалт сэргэх магадлал маш бага. Цаг алдахгүй хийх боломжтой алхам гэвэл ганцхан байна. Тэр нь “Стэнд бай”. Төсөв мөнгөгүй болчихлоо. Аль хэдийнэ улайсан. Дахиад хэлэхэд том төслүүдээ хөдөлгөх ёстойг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байгаа билээ. Таван толгой дээр тендер зарлалаа гэхэд өмнөх шиг шууд л бөөн бөөнөөрөө саналаа ирүүлнэ гэж байхгүй. Саналаа ирүүллээ гэхэд процесс нь олон учраас хугацаа шаардана.
-Засаг хүүхдийн мөнгийг өгч чадахаа болилоо. МАН-ын мөрийн хөтөлбөрт халамжийн өчнөөн амлалт бий. Эдийн засаг ийм үед халамжийн бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл биднийг ямар эрсдэл хүлээж байгаа бол?
-Халамжийг хавтгайруулсан хэвээр байвал дампуурлаа зарлахад хүрэх байх. Манай эдийн засгийн загвар хагас социализмын, хагас зах зээлийн эрээвэр хураавар хэлбэрээр яваад байгаа юм. Олон жилийн хугацаанд ингэж явж ирсний үр дүнд эдийн засаг хүндрэлтэй, цэгцэрч өгөхгүй байна л даа. Жишээ нь Герман нийгмийн баримжаатай эдийн засагтай. АНУ гэхэд л бас нэг өөр төрлийн эдийн засаг. Орон болгон өөрийн гэсэн онцлогтой эдийн засгийн загварыг хөгжүүлж байна. Харин манайд эдийн засгийн загварчлал явагдахгүй байна. Тухайн үедээ сонгогчдын саналыг авахын тулд боловсруулсан аль нэг намын мөрийн хөтөлбөрөөр яваад байгаа учраас улсын эдийн засагт урт хугацаанд муу нөлөө үзүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн мөнгийг аваад үзье. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд ямар ч мөнгө төлдөггүй. Энэ буруу. Анхнаас нь буруу загвар хийчихсэн. Үе шатлалтай тогтоож өгөх байсан. Жишээ нь ээж, аав нь хоёулаа ажилладаг дажгүй орлоготой айлын хүүхэд улсын цэцэрлэгт хүмүүжиж байна гэж бодъё. Тэгвэл цэцэрлэгийн төлбөрийг тодорхой хэмжээгээр төлөх ёстой. Дундаж орлоготой хүмүүст “Зөвхөн хоолных нь мөнгийг төл” гэсэн босго тогтоогоод өгчихөд болохгүй юмгүй. Төрөөс зардлыг нь даахаас аргагүй хэсэг бол ажилгүй, бага орлоготой иргэдийн хүүхдүүд. Бүх зүйлийг ийм үе шатлалтайгаар тогтоож өгөх ёстой. “Үдийн цай” хөтөлбөр гэхэд улсын, хувийн гэлгүй бүх сургуулийг хавтгайруулж хэрэгжүүлсэн нь мөн л буруу загвар. Эдийн засаг хүндэрсэн энэ үед нийгмийн халамжийг хавтгайруулж болохгүй.
-Сүүлийн үед гадны банк оруулж ирэх нь зөв, тэгж байж хүндрэлээс гарна гэж их ярих боллоо. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?
-Болгоомжтой хандах ёстой асуудал. Тэртэй тэргүй санхүүгийн зах зээл банкнаас 96 хувийн хараат байгаа. Буруу тогтолцоо. Гадны банк оруулж ирвэл энэ буруу тогтолцоог өөгшүүлэхээс хэтрэхгүй. Харин санхүүгийн бусад арга хэрэгслийг идэвхжүүлэх хэрэгтэй. Хувийн хөрөнгө оруулалтын сан гэх мэт өчнөөн арга хэрэгсэл бий.
-Эдийн засаг хүндэрсэн ийм үед эрсдлээс гаргаж чадах чадалтай, чадамжтай хүмүүс засаг барих ёстой гэж ярьж бичиж байна. Та юу гэж бодож байна?
-Мэргэжлийн Засгийн газар гэж сүүлийн үед их ярьж байгаа. Ийм засагт ажиллаж чадах хүмүүсийг сонговол зүйтэй байдаг. Эрсдлийг тооцож харж чаддаг, асуудлаа мэддэг, шийдэмгий хөдөлдөг хүмүүс засагт ажиллах хэрэгтэй. Тэгж байж хүндрэлээс гарна.