Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Сүүлийн хоёр жилийн турш үйл ажиллагаа нь доголдоод байсан Нийслэлийн “Иргэний танхим”-ийг энэ сарын 10-наас эхлэн үйл ажиллагааг нь тогтмол явуулахаар болжээ.
Үйл ажиллагааг нь эхлүүлж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болсон байна.
Анхны хэлэлцүүлэг “Нийслэлийн нийгэм – эдийн засгийн зорилт” бодлогын бичиг баримтанд иргэдийн саналыг тусгах зорилгоор явагдана. Наймдугаар сарын 10-ны 18 цагт Нийслэлийн “Иргэний танхим” буюу Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байранд болно.
Хэлэлцүүлэгт ирж амжихгүй иргэд “А4” хэмжээтэй нэг хуудас цаасанд санал бодлоо тусгаж , Нийслэлийн “Иргэний танхим”- ын ажлын албанд илгээх боломжтой. Мөн 7010-0202 дугаарын утсаар холбогдож, саналаа хэлэх буюу “Нээлттэй хэлэлцүүлэг”-тэй холбоотой мэдээ, мэдээлэл авч болох юм.
Б.Уянга