Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.ТҮВШИНБАЯР: Зөв бодоод, зөөлөн дуугараад явж байвал амьдрал болно гэж боддог (Архиваас)

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн их наадам ёслол төгөлдөр нээлтээ хийж, галт бамбараа асаалаа. “Рио-2016” олимпийн наадамд манай улсын 43 тамирчин хурд хүч, авьяас билэг, ид хаваан үзэхээр зорьж очоод байгаа билээ. Монгол түмэнд олимпийн анхны алтан медалийг авчирч байсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын нэгэн ярилцлагыг “Өдрийн сонин”-ы архивыг нээн хүргэж байна. Өдгөөгөөс долоон жилийн өмнөх хаврын урь ирсэн үед аварга маань ийн ярьж байжээ.


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн анхны аварга Н.Түвшинбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр шинэ он гарахад эх орондоо байгаагүй юм. Харин саяхан болж өнгөрсөн сар шинийн баярыг төрсөн нутаг Булган аймгийн Сайхан суманд суух аав, ээж болон гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөгөөд иржээ.


-Та сайхан шинэлэв үү.Сайхан хаваржиж байна уу?

-Сайхан шинэллээ. Хөдөө гэртээ очиж, аав ээжтэйгээ шинэ сарыг гаргалаа. Өнөө жил сайхан болох байх аа. Хаваржаа ч сайхан байна. Миний хувьд сүүлийн хоёр жил тэмцээн уралдаантай байсан тул нутагтаа сар шинийн баяр гаргаж чадаагүй юм. Харин өнөө жил аав, ээж, ах дүүстэйгээ сар шинийн баярыг угтаад сайхан байлаа.

-Сайхан нутгаар хаваржаа ямар байна. Хаврын их ажил хэдийнэ эхэлсэн биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хаврын урь орж, ирж яваа цаг гарсан ч хөдөө малчны хотонд шинэ төлийн дуу цангинаад сайхан байна. Үүнтэй зэрэгцээд малчин хүний хамгийн их ачаалалтай үе ирдэг. Нэг ч төлийн эндэгдэлгүй малаа эсэн мэнд бойжуулах их ажил эхэлнэ дээ. Манай хонь хургалаад эхэлсэн байна.

-Та олимпийн наадмаас ирснийхээ дараахан нутаг явж, хадлангаа бэлдсэн байх аа?

-Тийм ээ. Намар цагт өвс хадлангаа бэлтгэж, өвөлтэй нүүр бардам золгосон хүн чинь хаврын улирлаас айх зүйл байдаггүй юм. Тиймээс би жил бүр хадлангийн үеэр хоёр хөгшиндөө очиж, ажилд нь тусалдаг. Өнгөрсөн намар ч мөн энэ л уламжлалаар явсан. Өвс хадаж, малчин хүний нөр их ажлаас хуваалцах нь нэг ёсны хобби болсон гэх үү дээ.

-Мал төллөлтөд хэр туслав?

-Өнөө хавар ч дорвитой тусалж чадсангүй ээ. Сайхан шинэлчихээд л хүрээд ирлээ.

-Ингэхэд таны хөл гайгүй юу?

-Дажгүй шүү. Хоёр оны зааг дээр АНУ -д очиж хагалгаанд орсон. Баруун хөлний өвдөг бэртэлтэй байсан. Ямартаа ч мэс засал амжилттай болж, өнөөдөр эрүүл саруул болсондоо баяртай байна.

-Эмчилгээ бүрмөсөн дууссан уу?

-Яалаа гэж дээ. Мэс засал хийлгэнэ гэдэг дөнгөж 50 хүрэхгүй хувийн л эмчилгээ гэнэ лээ. Хагалгааны дараа гам барих нь хамгийн чухал. Тиймээс тогтмол гам барьж байна. Энэ сардаа багтаад дахин Америк явах ёстой. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Энэ хамгийн чухал л даа. 45 хоног болно. Үүний дараа үндсэн эмчилгээ дуусч, өөрийн дасгалаар бүрэн эдгээнэ дээ.

-Олимпоос хойш бэлтгэл хэр хийв?

-Үнэнийг хэлэхэд олимпийн наадмаас хойш бэлтгэл хийж чадсангүй. Хагалгаанд явахаасаа өмнө хааяа нэг бэлтгэл хийдэг байсан. Ер нь хөдөө гарч л их бэлтгэл хийлээ дээ. Манай нутгийн агаар чинь байгалийн сайхан бэлтгэл болно. Мөн адуу малтай ноцолдох чинь монгол хүнд л тохиох бэлтгэл шүү.

-Таныг олимпод ороход бэртэлтэй байсан гэж дуулдсан?

-Миний энэ баруун хөлний бэртэл чинь жил гарны өмнөх эд л дээ. Олимпоос өмнө авсан. Баруун хөл учраас их хэцүү. Хөл мэх хийж болдоггүй. Анх сэтгэл санаагаар унах үе их л байлаа. Энэ муу хөл зүгээр байсан бол гэж бодох тохиолдол их байсан. Бүх л хөдөлгөөнийг хиймээр болдог. Гэвч болж өгөхгүй нэг юм тушаад байна. Эхэндээ бол их хөнддөг байлаа,бэртэлтэй хөлөө. Сүүлдээ сурч хөл мэх бага хийдэг болсон. Олимпийн үеэр харсан байх. Хөл мэх хийхгүй байгаа биз дээ. Мэхний хувилбараа сайн тооцоолсон л доо.

Америк эмч нар ийм хөлтэй барилдах битгий хэл яаж алхаж байсан юм бэ гээд л гайхсан.

-Ингэхэд таныг ирэх наадмаар зодоглоно гэх яриа гараад байсан. Энэ үнэн үү?

-Хэвлэлээр л тэгж бичсэн байх. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Түүний дараа сэргэлтийн бэлтгэл хийнэ. Ер нь долоогоос найман сарын дотор миний энэ бэртэл бүрэн эдгэнэ гэж байгаа юм. Тэгэхээр долдугаар сараас бүрэн эдгэрч гэлдээ гарах болов уу. Энэ жилийн наадмаар бол барилдахгүй.

-Сүүлийн үед өрсөлдөгчдөө хэр судалж байна. Таныг судлагдаагүй бөх байсан гэж ярьдаг?

-Миний хувьд болон манайхан нүдээр хараад судалж байна л даа. Харин гадаад улсуудад бол огт өөр. Жишээлбэл миний казахстантай барилдсан бичлэгийг үзэж байгаад тухайн мэхний хүчний үйлчлэл хаана байна, яаж хариу мэх хийхэв, яаж тогтох уу гэж тусгай программаар нарийвчлан судалдаг болж. Бид бол нүдээрээ л харж, толгойдоо бодож судалгаа хийдэг. Хэдий дэвшилтэт технологиос хоцорсон ч дэвжээн дээр хүнтэй л барилдана. Богино хугацаанд өөрийн толгойгоор шийдвэр гаргана.

-Олимпийн аварга дуу шүлгэнд хэр сонирхолтой вэ?

-Сайхан шүлэг сонсох дуртай. Дуунд бол тийм ч сайн биш. Харин багадаа зурдаг хүүхэд байлаа. Зургийн дугуйланд явна. Сургуульд орохоосоо өмнө болон зуныхаа амралтаар дэвтэр цаас нийлүүлээд суудаг байсан юм.Одоо ч гар эвлэхээ больсон. Мөн сурагч байхдаа сайхан бичигтэн болж байлаа. Нэгдүгээр ангид байхдаа анх монгол бичиг заалгасан юм.

-Зарим хүмүүс жижигхэн хорхой ч юм уу, хүн айхааргүй зүйлээс их айдаг таны хувьд тийм амьтан байдаг уу?

-Хүмүүс айлгаад байвал яана. (Инээв) Миний хувьд зарим хүмүүс шиг хэн ч айхааргүй жижигхэн хорхой мэтээс айдаггүй л дээ. Харин могойноос их айна. Зарим хүмүүс могой бариад л байдаг юм. Би бол хэзээ ч барихгүй. Амь тулсан үед яадаг юм гэхээс.

-Ингэхэд анд хэр сонирхолтой вэ?

-Анд хоббитой л доо. Аав маань анд их дуртай хүн байдаг. Бага байхдаа уулын үргээлгэнд их явдаг байлаа Гэхдээ ан хийнэ гэдэг чинь амьтан алаад байхын нэр биш. Хангайн амьтныг харж, сэтгэлээ сэргээх нь сайхан, хэтрүүлж болохгүй л дээ.

-Сургуульд орсон үеэ дурсаач?

-Би ч их багаасаа гэрээсээ хол явж сурсан л даа. Анх аавтайгаа сургуульд орохоор явж байлаа. Өмнө нь нэгудаа сумын төв орж үзсэн. Гэрээсээ гараад сумын төв орлоо, гэрээ би саналаа.Сумаасаа гараад аймгийн төв орлоо, сумаан би саналаа гэдэг шиг л юм болсон. Нэгдүгээр ангид орсон жилээ гурван долоо хоног гүрийж байгаад гэртээ очиж байлаа. Хорь хоноод гэртээ харьтал гэрэвшээд аав, ээждээ очиж чадахгүй зугтаж байсан үе бий.

-Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан гэсэн байх аа?

-Би “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд 2007 онд ШУТИС -д орсон л доо. Эрчим хүчний цахилгаан автоматжуулалт гэдэг ангид орсон. Ер нь уул уурхайд сонирхолтой байлаа. Гэвч цаашдаа ирээдүйтэй, уул уурхайг бодвол онгон сайхан байгалиа ухаж төнхөөд байхгүй юм байна гэж бодоод цахилгаан эрчим хүчийг сонгосон доо.

-Техникт хэр сонирхолтой вэ?

-Ер нь багаасаа сонирхолтой байсан шүү. Жижиг сажиг зүйлийг бол задлаад янзалчих гээд байна. Ус буцалгагч мэтийн зүйлийг бол задлаад засчихна.

-Оюутан насны хөгжилтэй зүйлсээс сонирхуулаач?

-Намайг оюутан болоход “Авзага трейд” компанийн захирал Мэндбаяр ах хотод дагуулж ирээд миний багын найз Энхбаттай нэг байранд оруулж байлаа. Байранд зурагт байдаггүй ээ. Харин манай байрны үүдний жижүүр ах зурагттай л даа. Ахтай найз. Нөгөө ахаас хааяа зурагтыг нь гуйж үзнэ. Ах бас тийм ч амар өгөхгүй заримдаа ганц шил юмны мөнгө нэхнэ.Гэтэл нэг өдөр зурагтаа тэврээд ороод ирлээ. Яасан гэтэл халуун цай асгачихлаа, шатсан байх аа л гэдэг юм байна. Тэгэхээр нь би засдаг хүн болоод задаллаа. Юу ч мэдэхгүй задлаад сууж байтал нөгөө норсон ламп нь эхнээсээ хатаад, дуу нь ороод ирлээ. Би ч “За дууг нь заслаа. Одоо дүрсийг нь” гээд л хатахаар нь асаагаад өглөө.Тэгээд зурагт зассан хүн болж, 14 хоног гэртээ тавихаар тохиролцсон юм. Гэтэл нэг өдөр жижүүр ах маань хог дээрээс олсон юм уу гэмээр нэг хөгжим тэврээд ирж байна.Үүнийг засаад өгөөч гэхээр нь задалж үзээд сэлбэг нь үнэтэй юм байна, больё гээд буцаасан даа. Миний засна ч гэж юу байхав дээ.

-Бөх болоход юу нөлөөлсөн гэж бодож байна?

-Манай Булган аймгийн Сайхан сум гурван сайхан аваргатай нутаг. Ер нь Сайхан суманд төрсөн эрэгтэй хүүхэд бүрийг л бөх болгоно гэж нутгийн олон ярьдаг. Энэ яриа их нөлөөлсөн байх. Би бага байхдаа футболкаа зодог шуудаг болгож өмсчихөөд л гэртээ ирсэн хүүхэд бүртэй барилдаж ноцолддог байлаа.

-Цаашид барилдах уу, эсвэл өөр зүйл хийх бодол бий юү?

-Миний нас залуу байна. Дараагийн олимпийн наадмыг л бодож байна. Эхний ээлжинд хөлөө эдгээнэ. Цаашидч бодож байгаа зүйл бий. Гэхдээ одооноос бизнес хийгээд өөр зүйл бодоод байвал барилдаж чадахгүй. Тэгэхээр өнөө цагтаа зөвхөн жүдод бүхнээ зориулж хичээнэ дээ.

-Гэр бүл төлөвлөлтийн хувьд…

-Зөв бодоод, зөөлөн дугараад явж байвал амьдрал болно гэж боддог. Гэр бүлийнхээ хүнтэй сайхан л амьдарч байна.

-Эдийн засгийн хямрал гээд л яриад байна. Таны хувьд хямралаас яаж гарах ёстой гэж боддог вэ?

-Гол нь монголчууд маань оюун ухаан, сэтгэл санааны хувьд хямралгүй байхад болох байлгүй дээ. Өвөг дээдэс маань үүнээс илүү хүнд үетэй тулгарсан ч амжилттай даван туулсан учраас л бид өдий зэрэгтэй байгаа болов уу.

Б.БАДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *