Categories
мэдээ цаг-үе

Ангиараа “Боловсролын тэргүүн” хүртсэн МУБИС-ийн 1969 оны нэг төгсөлтийнхөн

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Хуучнаар Улсын багшийн дээд сургууль буюу одоогийн Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1969 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Их сургуулийн боловсрол эзэмшээд амьдралын их харгуйд өөрсдийн зам мөрийг өөр өөр өнгөөр үлдээж яваа энэ ангиас Монгол Улсын гавьяат багш, зохиолч, яруу найрагч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан, Төрийн медальтнууд, Боловсролын тэргүүний ажилтан, Спортын их мастер, эрдэмтэд зэрэг алдар гавьяатнууд төржээ. Энэ бол тэдний хийж бүтээсэн зүйлээрээ эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан илэрхийлэл. Товлосон цаг, болзсон газартаа их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Ш.Бадарч тэргүүтэй гавьяат багш Х.Цэндсүрэн зэрэг арав гаруй хүн цугларчээ. Насны буурал хяруу аль хэдийнэ суусан нэг ангийнхан амар мэндээ мэдэлцэхийн сацуу ирж амжаагүй бусдынхаа сургийг гаргацгаана. “Манай ангийнхан оюутан байхаасаа л маш ойр дотно байсан. Өнөөг хүртэл бие биенээсээ холбоо тасарч байгаагүй. Нийллэг, уулзалтыг идэвхтэй зохион байгуулдаг, бүгдээрээ оролцдог” хэмээн ярьцгаана.

Тус ангийн дурсамжаас дэлгэвэл 1965 онд эх орныхоо өнцөг булан бүрээс нийслэл хотноо ирж Улсын багшийн их сургуулийн монгол хэл, уран зохиолын нэг ангийг дүүргэж байж. Хоёр бүлгийн 66 оюутан нэг амьтай байсныг тэдний хэлснээр энд онцлох байна.

Эдгээр оюутны дунд бага ангийн багшаар ажиллаж амьдралын зах зухаас амссан “шинэ” оюутнууддаа бол туршлага заах хүн цөөнгүй байж. Тэд мэргэжил дээшлүүлж дунд, ахлах ангийн багш болох зорилготой Улсын багшийн их сургуулийн босгыг элээнэ. “Үлдсэн хэсэг нь харин дөнгөж дунд сургуулиа төгссөн охид, хөвгүүд байлаа шүү дээ” хэмээн тус ангийн оюутнууд хуучилна. 20, 30 настай нөхдөөсөө нэг ангийн дүү нар нь их ч зүйл сурч, ах эгч нарыгаа бараадан нэгэн гэр бүл шиг сайхан хамт олон болжээ. Ёстой л ах нь сургаж дүү нь сонсдог гэдэг зарчмаар явсан байна. Ингээд 1969 онд тус ангийг 32 оюутан төгсчээ. Сургуулиа төгсөөд улмаар тав таван жилээр мэргэжил дээшлүүлэх сургалтад ангиараа сууж. Тиймээс ангийн харилцаа холбоо тасралгүй нэг нэгэндээ санаа тавьж, үзэл бодол, ажлын туршлагаа өнөөг хүртэл хуваалцаж иржээ. Ангийнхны ярьж байгаар бол 1970-аад онд Монгол Улс ид цэцэглэж байсан үе.

Улс орны хэмжээнд шинжлэх ухаан болоод барилга, мал аж ахуйгаас эхлээд бүх л салбарт хөгжил, дэвшил ирж нийгэм шинэ шатанд алхаад байсан цаг. Ард түмний амьдрал ч тайван уужуу, нийгмийн бухимдал ч бага байж. Тэр үед их сургуулиа дөнгөж төгссөн оюутнуудад хийж, бүтээж чадвал амжилтын үүд хаалга ч нээлттэй байжээ. Тухайн үед багшийн их сургуулийн сургалт багш, нарын мэдлэг чадвар, нөөц бололцоо гайхагдаж, шигшигдэж байсныг оюутнууд одоо ч ярьсаар сууна. Монгол Улсын гавьяат багш Х.Цэндсүрэн “Манай хоёр анги 45 жилийн ойн баяраараа уулзацгаасан. Тэр үеэрээ оюутан насны дурсамжийн тухай соён гэгээрүүлэх нэг ангийнхны мартагдахааргүй ном гаргасан. Тэрхүү номон дээрээ оюутан насны үеэ дурсч, өдийг хүртэл ямар түүхэн замналаар явсан тухайгаа бичсэн” гэв. Харин нэг нь өдгөө өвөө, эмээ болж, үр ачаа хараад ангийнхантайгаа ч уулзах завгүй байгаа тухайгаа хошигноно. Учир нь ангийнхан 70, 80 насыг зооглож яваа эмээ, өвөө нар юм. Гэхдээ ангийнхныхаа дурсамжийг хуваалцахдаа яг л өчигдөрхөн төгссөн юм шиг л нүд нь сэргэж нэг хүүхэд ч гээхгүй, нэг ч хөгтэй явдал орхихгүй ярьцгаана. Зарим “Ангийнхныхаа уулзалтыг улам ойртуулъя. Сэтгэл хоргодоод байх юм” гэж ярьж, инээлдэж байх нь сонсогдоно. Оюутан ахуй цаг гэдэг хамгийн дурсгалтай он жилүүдийг үдэж өнгөрөөдөг шүү дээ хэмээн нэг нь хэлэхэд хажууханд нь суух нэг нь “Бид 1969 онд эх орныхоо хэрэгцээт газар бүр, сэтгэлийн дуудлагаар хүлгийн жолоо залж байлаа. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзацгаасан. Олон сайхан нөхөд маань ертөнцийн мөнх бусыг үзсэнийг эс тооцвол бүгдээрээ л сайн сайхан амьдарч, амжилтыг ар араасаа дагуулж л явна. Манай анги ангиараа “Ардын Боловсролын Тэргүүний ажилтан” гэж тодотгоно.

Тус ангийн төгсөгчид боловсролын салбарт 40 гаруй жил багшилж, сурган хүмүүжүүлэгч хийсэн байна. 45 жилийн ойн баярын уулзалтаас хойш хоёр жилийн хугацаанд төрийн Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат нийлээд долоон хүн төр засгийнхаа хайр энэрэлийг хүлээсэн байна. Энэ явдлыг ихэд онцолно. Шагналын хур буусан, арвин дүүрэн баяртай уулзалт болж байна гэж ирээд л. Энэхүү баярыг хамт олноороо тэмдэглэхээр ийн цугларсан байж. Тус ангиас шилдэг яруу найрагчдын нэг Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн Ш.Бадарч төрөн гарчээ. Анги хамт олон нь энэ хүндтэй зохиолчдоо хүндэтгэл үзүүлэв. Түүнийг “Ш.Бадарч зохиолчийн хувьд залуу байхаасаа л маш хөдөлмөрч, аливаа үүрэг даалгаварт нягт нямбай ханддаг байсан. Энэ цаг үеийн нийгмийг соён гэгээрүүлэх олон арван бүтээл туурвиж байгаад сэтгэл хангалуун явдаг” хэмээн ангийн нөхөртөө урмын үг харамгүй хайрлана. Түүнчлэн ангийн нөхөд нь Ш.Бадарчдаа “Ардын уран зохиолч болохын төлөө ерөөж бэлгэшээж, “Үзэг чинь хурц, ухаан чинь саруул, дэвтэр чинь зузаан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна” гээд бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Ангийн С.Дашзэвэг зохиолч Ш.Бадарчид хандан “Нэг үг олохын тулд мянган тонн үгийн хүдэр малтаж бичдэгийг чинь мэднэ. Үг бүрийг дэнсэлж бичээд үүнээс цааш үггүй ихээр бичиж байгаарай. Болоогүй ээ. Дахиад бич.” гэж урмын үг хэллээ.

Харин Х.Цэндсүрэн багш Дундговь аймгийн Эрдэнэ-далай сумаас багшлах гараагаа эхэлж, Эрдэнэтийн сургуулиас тэтгэвэртээ гарчээ. Тэрээр Монгол Улсын гавьяат багш цол тэмдгийг авч, ангийнхныгаа баярлуулсан байна. Ангийнхны хамгийн ихээр хүндэтгэдэг ахмад багш Балжинням Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан байна. Харин мэргэжил нэгт нөхдийнхөө дунд улсдаа хоёрт гэж яригддаг Боловсролын тэргүүний ажилтан Бизьяажав 83 нас хүрчээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын ахмад багш Цогдбадрах байна. Тэрээр бартаат замын уралдааны Олон Улсын Мастер. Оюутан ахуй цагтаа мотоциклоор уралдаж, хэдэн жилийн өмнө Олон улсын мастер цол тэмдгээр шагнуулсан. Энэ анги арван алтан гадас одонтой.

“Улаанбаатар хотын 14 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын Монгол Улсын гавьяат багш Т.Даваахүү. Олон жил сургалтын менежер, эрхлэгчийн албыг хашиж, ард түмний хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлсэн дээ. Мөн Монгол Улсын гавьяат багш Доржгочоо. Өнгөрсөн жил бурхан болсон. Хорвоогийн жам юм даа” ангийн Г.Пүрэвжав ярьж байснаа хэсэг дуугаа хураав.

Харин Монгол Улсын гавьяат багш Х.Цэндсүрэн ийн ярив. “Багшлах явцдаа шавь нар болон хамт олныхоо хүчээр Төрийн бүх шагналыг хүртэж, Монгол Улсын гавьяат багш боллоо. Сэтгэгдэл их өндөр байна. Энэхүү гавьяа шагнал авсан маань миний анхны мэргэжил эзэмшсэн намайг сургаж хүмүүжүүлсэн бүх багш нарын, миний оюутан ангийнхан, ажлын хамт олон, шавь нарын маань хүч хөдөлмөрийн үр дүн байсан юм шүү дээ. Манай ангиас дөрвөн гавьяат багш төрөн гарлаа. Түүхэнд ховор байх гэж бодож байна. Нэг ангиас дөрвөн гавьяат багш төрж гарна гэдэг их хариуцлага, нөр их хөдөлмөрийн үр дүн. Монгол ардын зүйр цэцэн “Эзэн хичээвэл, Заяа хичээнэ” гэж үг байдаг даа. Мөн хоёр, гурван зохиолч байна. Энэ өдөр хотод ирээд ангийнхантайгаа уулзаж байгаадаа маш их баяртай байна” гэв.

Оюутан нас хэмээх хоёр үгний тодотголд маш олон сайхан дурсамж, дуртгалууд хадгалагдсан байдаг. Тэр үеийн дурсамжаа ангийн нөхөд хуваалцана. “Манай ангийнхан оюутан болсноосоо хойш хаврын намрын улирлын ажлыг ерөөсөө тасалж байгаагүй. Ангиараа ажил болгонд явдаг байлаа. Анх 1965 онд Угтаалын сангийн аж ахуйд ажиллаж байхад их түймэр гарч байсан. Эдийн засгийн дээд сургуулийн оюутнууд гал түймэрт автаж, бид хэд айж, сандарсан. Тэрхүү түймэрт адсага бариад, шуудайтай явж байлаа. Тухайн үед салхи эргээд тэр хүүхдүүд маань түймэрт өртсөн. Оюутан насны анхны намар маань ингэж өнгөрсөн юм даа. Харин 1966 оны хавар Ардын Намын XV Их Хурал болж, тэр үеэр гимнастикт бэлдээд уулын аманд гарч байсан. Уулын аманд их олон хоног бэлтгэл хийсэн дээ. Баярын нээлтийн үеэр гимнастик хийгээд үдээс хойш тоглолттой болж, хөдөө аж ахуйн байрандаа очтол үер болоод тэндээсээ шууд үерийн дайчилгаанд толгойт буюу хотод ажиллаж байсан. Тухайн үед бүх л төрлийн бараа шавартай зууралдсан байсан. Бид нар тэр бүгдийг цэвэрлэж, гал усны, аюул эрсдлийг үзэж, зохих хэмжээгээр туулж гарч байлаа. Тэр үедээ ажил бүтээлийн ард гарчаад эрч хүчтэй байсан даа. Мөн Хэнтий болон Батсүмбэр аймаг явж байлаа. Ангиараа олон ч газраар явсан. Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд зуны улиралд хашаа барихаар явж байсан. Тэр үед өөрсдөө хоол цайгаа хийж, ангийнхаа Нацагаагийн гарын хоолыг идсэн дээ. Мэргэжлийн тогооч л гэсэн үг. Айл, хүмүүсээс тараг сүү л ирнэ. Охид хашаа хороог янзлахдаа зарим зүйлийг нь даахгүй. Бүгдээрээ нийлээд майханд байрлана. Тухайн үед суманд улсын баяр болж байлаа. Цэнхэр мандал сумын баярыг үзэх гээд явахад хөдөө ажиллаж байсан учраас гоёх хувцас байхгүй байлаа л даа. Тэгээд хөдөө агентаас цоохор даавуу аваад бүгдээрээ гараараа оёод ижилхэн плать хийгээд өмсөж байсан (инээв). Ийм нэг хөгжилтэй, хөгтэй дурсамж үлдсэн дээ. Тэр үедээ л охидоороо гангарчихаж байгаа юм чинь. Анх оюутан насны минь сумын наадам үзсэн нь тэр юм шүү дээ. Нэг жил Батсүмбэрийн аж ахуйд ногоочин Хөдөлмөрийн баатар Долгор гуай гэж хүн байсан. Долгор гуайн хариуцдаг ногооны талбайд очсон л доо. Тухайн үед цагаар ажиллуулдаг байлаа. Орой найман цагт ажлаасаа бууна. Намрын найман сарын найман цаг чинь эрт шүү дээ. Ажлынхаа дараа Сөгнөгөрийн гол дээр угааж арчиж, гоёж аваад амралт руу явна. Тэгээд теннис тоглож, танц эргэж шөнө ирдэг байлаа шүү дээ. Ангиараа шуугиж шуугиж ирнэ. Шөнө ирэхдээ голоор шавар гатлаж гарна. Бид бөөн хар шавар тэр чигтээ унтаад өгдөг байлаа (инээв). Ер нь оюутан насны дурсамж хөгтэй хөгжилтэй адал явдлаар дүүрэн, аливаа зүйлийг ойлгуулж, мэдрүүлж, ухааруулдаг юм байна лээ” хэмээн санаа алдана. “Аливаа зүйлийг зааж, зөвлөж, аав ээжтэйгээ байгаа юм шиг л байдаг байлаа. Эцэст нь хэлэхэд бид нарын ажил, мэргэжил их сайхан даа. Үргэлж гэрэл, гэгээтэй хүүхдүүдтэй харилцана. Нийгэм болон эх орондоо хувь нэмрээ оруулж, буянтай мэргэжил эзэмшсэндээ ангиараа маш их бахархаж явцгаадаг” гэж ангийн нөхөд яриагаа өндөрлөв.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *