Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт долдугаар сарын 29-31-ны өдрүүдэд боллоо. Энэ жилийн улсын аваргад хот, хөдөөгийн 70 гаруй тамирчин тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөв. Энэ жилийн УАШТ-д багийн буухиа, акуатлоны төрлийг нэмж, сонирхогчдын насны ангиллыг олон болгосон нь онцлог байлаа. Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь Итали улсын иргэн Лучиано Космо (52 настай), “Хангарьд” клубийн тамирчин П.Гантулга (49 настай) нар байсан юм. Эрэгтэйчүүдийн элит төрөлд “Хангарьд”-ын Ч.Гансүх түрүүлсэн бөгөөд тэрбээр анх 2006 онд аваргалсан түүхтэй. Эмэгтэйчүүдийн элит төрөлд мөн “Хангарьд”-ын Э.Сүрэнням алтан медаль хүртсэнээр спортын мастерийн болзол хангав. Элит төрөл нь 600 метр усанд сэлж, 10 км дугуйгаар, таван км гүйж барианд ордог аж. Энэхүү тэмцээнийг эрүүл мэнд спортын яамнаас зохион байгуулж 4 сая төгрөгийг гаргасан байна. Мөн тэмцээний үеэр тусгай шүүгч нар ажиллажээ.
О.ӨНӨР