Categories
мэдээ соёл-урлаг

Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн Монголын соёл урлагт рок хувьсгал хийсэн домогт “Харанга” хамтлаг

Нийслэлийн Засаг дарга асны санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж байхаар болсон билээ. Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагийг тодруулсан байна. Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршуулжээ.

Монголын рок поп хөгжмийн загалмайлсан эцэг, ардчилсан хувьсгалтай мөр зэрэгцэн Монголын урлагт хувьсгал хийж чадсан домогт “Харанга” хамтлаг байгуулагдаад өдгөө 27 жилийн нүүрийг үзсэн байна. Хамтлаг байгуулагдсан түүх гэвэл 1977 онд ардын армид байхдаа хоорондоо танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсон байдаг. Ингээд 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг байгуулжээ. Ц.Энхманлай 1988 оны сүүлээр Р.Мөнхсайхантай уулзаж хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Мөнхсайхан түүнийг театрын дарга МУАЖ Н.Сувдтай уулзуулсан байна. Ц.Энхманлай түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдсан байхад драмын театрын дэргэд яагаад рок хамтлаг байж болохгүй гэж хэмээн ятгажээ. Гэтэл энэ уулзалтаас долоо хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн байна. Ийнхүү “Харанга” хамтлаг 1989 оны эхээр үндэс сууриа тавьсан юм. Эхэндээ гоцлол гитарчин, дуучнаар Ц.Энхманлай, аргил гитарчнаар Я.Одсүрэн, бөмбөрчнөөр Н.Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Х.Булган хамтлагаас гарч “Соёл Эрдэнэ” хамтлагт орж армиас халагдаж байсан Ц.Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Эхэндээ түүнийг тонмейстерээр хамтлагтаа авах гэж байгаад Х.Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал тавьсан байна. Харин Ц.Чулуунбат аргил гитарчин байсан тул хоорондоо ярилцаж байгаад Я.Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Ц.Чулуунбат аргил гитараа тоглох болжээ. Удалгүй дуучнаар “Соёмбо”-д хамт тоглож байсан Х.Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтсон түүхтэй. Анхандаа хамтлаг нэргүй байсан гэдэг. Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарласан байна. “Улаанбаатар”, “Бат хаан” зэрэг нэрийн саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон “Харанга” хэмээх нэрийг сонгож байжээ. Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Ц.Энхманлайгийн “Амьдрал” дуугаар тоглолтоо нэрлэжээ. Тоглолт 1989 оны аравдугаар сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15:00 цагт Соёлын яамны коллегиор орсон байдаг. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч МУАЖ, МЗЭ шагналт Э.Оюун, АУЗ, МЗЭ шагналт Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхмүүд байв. Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун “Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа… гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя” гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ. Ингэж “Харанга” хамтлаг Соёлын яамны коллегиор орж ширүүн шүүмжлүүлж, хатуу шүүлтүүрээр шигшигдсэн сүүлчийн хамтлагуудын нэг болсон түүхтэй. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутад бүх тасалбар зарагдаж дууссанаар ямархуу чансааны хамтлаг гэдгээ харуулж чаджээ. Анхны бие даасан тоглолт болох “Амьдрал” тоглолтыг тухайн үед үзэж байсан сонсогч фэнүүд нь одоог хүртэл мартаагүй биз ээ. Харанга” хамтлаг одоог хүртэл шинэ уран бүтээлээрээ болоод хуучны мартагдашгүй сэтгэлд хоногшсон дуунуудаа сонсогч фэнүүддээ хүргэсээр буй. 70,80-аад оны хүмүүсийн цэл залуу насандаа ид сонсож өссөн домогт “Харанга” хамтлаг 2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн. Герман улсад хэвлүүлсэн “Эрин зууны хөг”, “Best of” цомгуудыг “Daimler-Chrysler” болон “Siemens Nixdorf” компаниуд спонсорлож хэвлүүлж байжээ. Мөн “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003), “Special Edition Gold” (2007), гэсэн цомог гаргасан байна. “Харанга” хамтлагийн сэтгэл хоногшсон сайхан дуунуудаас дурьдатгал болговол “Зөвхөн Монголдоо”, “Замд гаръя”, “Энэ бол дурлал биш”, “Энх Тайван”, “Хилэнцэт харц”, “Манан”, “Он жилүүд”, “Эргэх учрал” зэрэг олон дууг нэрлэж болно.

1991 онд “Дэлхий ертөнц”,1993 онд “Миний рок”,1994 онд хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд,1995 онд “Тэртээх өдрүүд”,1998 онд “Эрин зууны хөг”,1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”,1999 онд 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2004 онд 15 жилийн ойн тоглолт, 2009 онд 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2” зэрэг амьд тоглолтуудаа ард түмэндээ хүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *