Монголчуудын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр маань иргэд биднийгээ тэжээхээсээ илүүтэй төрийн нэрээр төрхөө нуусан цөөн хэдэн шунахай нөхдийн гараар орж дуусч байна. Төрд байгаа 51 хувь гэдэг ганц хармааг нь цөөхөн хүн хувааж идсээр удаж байгаа ч одоо байтлаа бүр даварч Монголдоо ирсэн 49 хувийг нь төрийн, түмний гэдэг зүсээ хувилгасан сайхан үгсээр далайлган үлдсэн ганц хармааг нь ухаж өөрсдөө залгих оролдлого хийж эхэлжээ. Аль байгуулагдсан цагаасаа хойш орос ах нарын мэдэлд байсаар ирсэн эзэмшлийн хувийг эх орондоо оруулж ирсэн нь үнэхээр түүхэн үйл явдал байсан гэдгийг эрдэнэтчүүдээс эхлээд Монголын ард түмэн бүгдээрээ батлан, баярлан угтан авсан. Үнэндээ ч тэгэхээс өөр аргагүй юм. Хаа байсан Соц нийгмийн үед арай ядан Монголын эзэмшлийг 51 хувь болгож монголчууд бид бага ч атугай давуу эрх эдлэх боломж нээгдсэн. Гэвч энэ алхам нь төр хэзээ ч сайн менежер байдаггүйн гашуун баримт болсоор өнөөдөртэй золгож байгаа нь даан ч харамсалтай. Монголын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа даадаг энэ аварга саалийн үнээг гаршингуй “саадаг” хэдэн нөхөд бий. Тэд төрдөө бус өөртөө л зориулж саасаар тэрбум тэрбумыг халаалсалж чаддаг цагаан захтай дээрэмчид. Үнэндээ бидний халаасанд орох хэдэн цаасыг маань цөөхөн хэдэн цөөвөр чононууд замаас нь цохисоор байгаад тамтаггүй баян болсныг нь нотлох баримт Эрдэнэтийн агуулахаар эгнээтэй байгаа. Зуу зуун тэрбумаар тоологдох шахааны баахан бараануудаа бараг хар зах дээр зарах дээрээ хүртэл тулсан. Гэвч энэ бүхний эцэст төрийн ард нуугдсан, зах хязгааргүй шуналтай тэдгээр нөхдөөс салж чадаагүй л байна. Одоо бүр байтлаа бизнесийн зарчмаараа Оросоос авсан 49 хувийг нь ард түмний нэрээр түрий барин өөрсдөдөө өмчилчих аминчхан хүсэлдээ бачууран сууна. Арга ч үгүй биз, тэр 49 хувийг даган ирж буй цэвэр бизнесийн эрх ашиг, хараа хяналт өнөөх хэдэн шахааны бизнестэнгүүдийг цусгүй алж мэдэхээр байгаа юм.
Бизнес гэдэг өөрөө маш энгийн. Ямар ч бизнес эрхлэгч ашигтай ажиллахыг хүснэ. Энэ ч утгаараа үргүй зардлаас шууд татгалзаж компанийнхаа ашиг орлогыг л нэмэгдүүлэх бүх алхмууд хийдэг. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хэмээх саалийн үнээг хариулаад, хариуцаад, тэжээгээд, өсгөөд явах тийм л сайн хяналтын бүтэц бий болсон хэрэг. Эргээд энэ бүхэн нь компанидаа төдийгүй Монголын төсвийн орлогыг нэмэгдүүлж, мань мэтийн сардаа авдаг хэдэн бор юм нэмэгдэхийг л хэлээд байгаа юм. Ядаж л уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт гурван жилийн хэрэгцээний бэлгэвч шахаж чаддаг энэ эрээ цээргүй хэдэн луйварчдыг зах зухаас нь цөөлж чадна шүү дээ. Харин үүнийг тэд аль эрт харж, өөрсдийн увайгүй эрх ашиг, ил цагаан луйвраа хамгаалах алхмуудаа хийгээд эхэлжээ. Ямар сайндаа л үе үеийн сонгуулийн ялалт даган хүртээх бялууны эздээ өөрчилсөөр ирсэн энэхүү ард түмний өмчийг хайр гамгүй мөлжиж амьдардаг празитуудын амьсгаа давчдан байж ядахдаа улс төрд худалдаж авсан өөрсдийн хэдэн утсан хүүхэлдэйгээ хөдөлгөж эхэлснийг ойрын өдрүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдээс харж болно. Бүр байтлаа, бизнесийн зарчмыг уландаа гишгэлж, хувийн өмчид халдаад ч хамаагүй нөгөөх 49 хувийг нь төрд авах талаар ярьж байгаа гээд бод. Эрээ цэрээ алдана гэхэд энэ бол арай ч дэндэнэ. Аль ашиглалтад орсон цагаасаа хойш монголчууд биднийг тэжээж ирсэн ганц үйлдвэр болох Эрдэнэтийг маань бүр сөхөртөл нь сорж хоёр хармааг нь зэрэг ухахаар ханцуй шамлан ажилдаа орж л дээ. Харин ч тэр тусам нь одоо байгаа Эрдэнэтийн удирдлагууд шахаагаар хөлжиж, төрийн нэрээр бизнес хийдэг эдгээр нөхдийг нэр устайгаар зарлаж, монголын ард түмний өмчийг дээрэмдсэнийх нь шанг хуулийн дагуу хатуу хүлээлгэх цаг нь болсон. Бүр сүүлийн 20 жилийн хугацаанд хэний шахаасны компани яаж луйварддаг байсныг ард нь ямар улстөрч байгааг нээлттэй зарлах цаг нь одоо. Харин ч нэг нэхэл хатуутайгаар зарлажтөр нь хийж чаддагүй шахааныхны их цэвэрлэгээг эхлүүлүүлж, өршөөлгүй завшдаг шуналтнуудтай хийх тулааныг нь дэмжих хэрэгтэй.