Categories
мэдээ нийгэм

40 кг мөнгөн усыг хятад иргэдэд худалдаалах гэж байсан иргэнийг саатуулжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус дамлан худалдах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн харьяат “Т” гэгч нь бусадтай бүлэглэн 40 кг мөнгөн усыг худалдан авч улмаар хятад иргэдэд худалдахаар бэлтгэж байгаа талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд мэдээлэл ирсэн байна.

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад “Т” гэгч нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзалт хийх үедээ иргэн “М”, “Ж”, “Г” нартай үгсэн хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн иргэн “Р”, “Г” нараас мөнгөн усыг нь дээрэмдэх гэж байжээ.Ингээд хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, тэднийг үйлдэл дээр саатуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд дээрх мөнгөн усыг ОХУ-аас оруулж ирсэн аж. Хэргийн мөрдөн байцаалтын явцад “Т”,”“М”, “Ж”, “Г” нар нь бусдыг дээрэмдсэн, харин “Ж”, “М” нар нь 40 кг мөнгөн ус буюу химийн хорт бодисыг хууль бусаар олж авч, хадгалаж байсныг тогтоосон байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *