Бразилын Рио-де-Жанейро хотод болох зуны олимп эхлэхэд 11 хоног үлджээ. Олимпийн наадамд оролцох орон орны тамирчид өчигдрөөс эхлэн Риогийн зүг хүлгийн жолоо залж тамирчид байрлах олимпийн тосгон өчигдөр үүдээ нээжээ. Олимпийн тосгонд 11000 тамирчин, 6000 дасгалжуулагч байрлах боломжтой зохион байгуулагджээ. Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн минут явган алхаад хүрэхээр дөт байрлалтай учир тамирчдад дасгал сургууль, тэмцээндээ хурдан хүрч очих, эргээд өөрсдийн өрөөндөө амрахаар явахад ямар ч түвэггүй аж.
Тамирчдад дээд зэргийн ая тухтай байдлыг хангахын тулд фитнес төв, эрүүл мэнд, соёл урлагийн төв, автомат тоглоомын газар хүртэл байгаа аж.
Түүнчлэн Бразил улсад тархаад буй Зика вирустэй холбогдуулан өрөө болгонд агааржуулагч байрлуулжээ. Наймдугаар сар бол Бразилд өвлийн улирал эхэлчихсэн байх үе. Уг нь энэ үед агааржуулагч хэрэглэх шаардлагагүй байдаг юм байна.
Мөн тамирчдад зориулан 450 мянган бэлгэвч бэлджээ. Тамирчин тус бүрт 42 ширхэг бэлгэвч оногдох аж.
О.ӨНӨР