МАН-ын Удирдах зөвлөлөөс 15 сайдын нэрсээ тодруулж Ерөнхийлөгчид өргөн барьсан боловч АТГ-ын шийдвэрээр ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дөрвөн сайдын нэрсийг буцаан татсан билээ. Шинээр томилогдсон 11 сайд тамга тэмдгээ гардан авч үүрэгт ажилдаа орсон боловч үлдсэн дөрвөн сайдын нэрсийг МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирээгүй л байна. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөртөө багтаан хуралдаж, дөрвөн сайдаа тодруулахаар цаг товложээ. Гэхдээ одоогоор хуралдаан эхлээгүй байна.
Харин одоо дөрвөн сайддаа хэн, хэнийг нэр дэвшүүлэх вэ?. Эндээс Ерөнхий сайдын зангараг, эрх мэдэл илүү тодорно гэж харах улстөрч олон байна. Хэвлэлүүдийн таамгаар Эрүүл мэндийн сайдад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхэлжээ. Гэхдээ МАН-ын зүгээс өгч буй мэдээллээр дөрвөн сайдыг бүгдийг парламентын гаднаас санал болгоно гэсэн зарчмыг Ерөнхий сайд барьж байгаагаа тодотгожээ.
О.ӨНӨР