Дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод УИХ дахь АН-ын бүлгээс шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал юм.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр олонхийн суудал авсан нам болон бусад нам эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацааны дагуу Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газрыг эмхлэн байгуулах ёстой байдаг.
Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 07 дугаар сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар өөрийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг 13 яам, 16 сайдтай байхаар батлуулсан боловч өнөөдөр 11 сайдын нэрийг өргөн мэдүүлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ гэсэн зарчмыг хангаж, үлдсэн дөрвөн Засгийн газрын гишүүний нэрийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлж, төрийн албаны тасралтгүй байх зарчмыг хангаж, хүндэтгэлтэй хандахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор анхааруулж байна.
Ийм учраас Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өргөн бариагүй байхад байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэжээ.