Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын зүүн хэсэг, Зүүн зүгийн ихэнх нутгаар өчигдрөөс эхлэн орсон бороо маргааш, нөгөөдөр ч үргэлжлэн орох юм байна. Төвийн аймгуудын нутгаар 24, 25-нд агаарын температур ерөнхийдөө дулаан байх аж.
Долдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан бол Дэлгэрмөрөн голын хувьд долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 35-70 см буюу нийт 105 см нэмэгдэж үерийн түвшинг давсан байна.
Хангайн нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир зэрэг голын усны түвшин хугацааны эхээр хоногт 5-10 см нэмэгдээд аажим буурсан бол Чулуут голын адаг буюу Өндөрдулаан сум орчимд болон Хойд Тамир голын усны түвшин энэ сарын 11, 14-ний өдрүүдэд хоногт 45-65 см нэмэгдэж, Хойд Тамир гол үерийн түвшинг даван үерлэжээ.
Орхон голын усны түвшин 10-40 см-р нэмэгдэж Хэрлэн голын усны түвшин Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэмэгдсэн байдалтай байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.
О.ӨНӨР