Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.ЦАГААН: Төр, засгийн бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөөд байх нь улс орны эрх ашигт хортой

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайдаас өчигдөр 81 хуудастай зөвшилцөх санал Ерөнхийлөгчид ирсэн. Үүнийг Ерөнхийлөгчийн тамгын газар шахуу хугацаанд нягталж үзсэн. Ингээд гурван саналыг илэрхийлсэн. Нэгдүгээрт, үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь “давхар дээл”-ийг үргэлжлүүлэх гэж байна. МАН-ын хувьд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “давхар дээл”-ийг дэмжихгүй гэж байсан. Тэгэхээр одоо ард түмэнд өгсөн энэ амлалтаасаа санал нь зөрж байна.

Мөн Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж байгааг дэмжихгүй байгаа. Монгол Улс бие даасан эдийн засгийн бодлогыг хангахад үйлдвэржилт хэрэгтэй.

Түүнчлэн төр, засгийн байгууллагын нэр, хаяг, бүтэц зохион байгуулалт тогтвортой байж байж өгөөжтэй байна гэж үздэг. Гэтэл ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр яамдын нэрийг өөрчилсөн байна. Тухайлбал Гадаад хэргийн ямаыг Гадаад харилцааны яам гэж нэрлэхээр болсон байна. Ингэж өөрчилж байгаа нь ямар үндэслэлтэй нь тодорхойгүй байна. Оруулж ирсэн 81 хуудас материалд нь тоо баримт ховор, тодорхой биш байсан. Төрийн залгамж чанарыг хадгалах ёстой. Хэрэв тэгэхгүй төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзсэн юм. Ийм байсан учраас дэмжихгүй гэж Ерөнхийлөгч хэлж байгаа юм” гэдгийг тайлбарлалаа.

Ер нь төрийн залгамж шинж, мэргэшсэн албан хаагчдаа хадгалж явах нь зүйтэй гэж үзэж байгаа, төр засгийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж солиод байх нь улс орны эрх ашигт хортой гэдгийг нэмж онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *