Өнөөдөр төр, засгийн тэргүүнүүд, спортын зүтгэлтнүүд, олон нийт олимпийн наадамд оролцох тамирчдаа төв талбайдаа цуглан үдэх гаргах ёслолыг хийсэн билээ. Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгаас сэтгэгдлийг нь сонслоо.
–“Рио-2016” зуны олимпийн эрхээ авсан тамирчдаа эх нутгаас нь үдэн гаргах хүндэтгэлийн арга хэмжээ болж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээний талаар болоод холбооныхоо баг тамирчдын тухайд та юуг онцлох вэ?
-Жүдо бөхийн хувьд олимпийн эрхийг бусад спортын төрлөөс ялгаатайгаар олгосон. Аливаа уралдаан тэмцээнд оролцоно гэдэг тогтмол бэлтгэлтэй байна гэсэн үг. Олимпод оролцох эрэгтэй долоо, эмэгтэй долоон жин байдаг. Манай жүдочдоос эмэгтэй зургаа, эрэгтэй долоо нь тамирчин эрхээ авсан өнөөдөр мордох гэж байгаад сэтгэл их сайхан байна. Өнөөдөр нартай, хуртай сайхан өдөр болж, төр засгийн тэргүүнүүд болоод Монголын ард түмэн маань олимпод оролцох тамирчдаа үдэж, амжилт хүсэн уухайлж байна.
-Монголын жүдо бөхийн холбооны тэргүүний хувьд жүдочдоосоо онцлоод хэлбэл хэнд илүү найдлага тавьж байна?
-Энэ удаагийн олимпод оролцож байгаа тамирчид маань бүгдээрээ бэлтгэл сургуулилт зуун хувь хийгдсэн, ямар нэгэн айж бэргэх зүйлгүй амжилтай оролцох болно. Тухайлбал, +100 кг-ын жинд барилдах Б.Тэмүүлэн, мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг зэрэг сайн тамирчид байгаа. Бүгд л хичээж сайн барилдах болно. Одоо захыг нь мушгиад л суух үлдлээ дээ.
-Рио-де-Жанейрогийн олимпод эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах тамирчдадаа юу захих вэ?
-Манай холбоо “Хамтын хүч-Амжилт” гэсэн уриатай. Нэг хүний амжилтын ард маш олон хүн байдаг. Аав ээж, ах дүү, манай холбооны дэд ерөнхийлөгч, багш дасгалжуулагч, бэлтгэл хангагчаас эхлээд заал цэвэрлэж буй хүний оролцоо хүртэл байдгийг ойлгуулахыг хичээдэг. Хувийн сахилга баттай, дор бүрнээ маш сайн хичээж, сэтгэлийн хаттай байгаарай, эх орныхоо далбааг намируулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн ерөөл өргөе.
Э.МӨНХТҮВШИН