Categories
мэдээ спорт

Дэлхийн хошой аварга С.БАТЦЭЦЭГ: Ард түмнийхээ итгэлийг дааж амжилттай оролцоно, бидэнд ялагдах эрх байхгүй

Өнөөдөр зуны олимпод оролцох тамирчдаа үдэх ёслол Чингисийн талбайд болсон билээ. Энэ үеэр чөлөөт бөхийн Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгтэй цөөн хором ярилцлаа.


“Рио 2016” олимпод оролцох тамирчдаа үдэх ёслолын арга хэмжээ боллоо. Таны хувьд бэлтгэл сургуулилт бүрэн хангагдсан уу. Өнөөдрийн арга хэмжээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Манай чөлөөт бөхийн тамирчдын түрүүч нь өнөөдөр явж байгаа. Үлдсэн тамирчид маань наймдугаар сарын дөрвөнд явна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээ маш сайхан болж байна. Манай чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан.Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бусад төр засгийн удирдлагууд болоод Монголынхоо ард түмэндээ баярлалаа.
Таны хувьд чөлөөт бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан, мөн адил олимпийн аварга авах боломжтой хэмээн ард түмэн хүлээж байгаа…?
-Ард түмнийхээ итгэлийг дааж амжилттай оролцох болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та бүгд ялагдах эрх байхгүй” хэмээн хэлсэн. Үнэхээр бид бүгдэд ялагдах эрх байхгүй.
-“Рио-2016” олимпийн наадамд мордох гэж байна. Энэ мөчид “Лондон-2012” олимпийн наадмыг эргээд санавал…?
-Лондонгийн олимпийн хүрэл медаль бол их үнэ цэнтэй ирсэн. Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадамд оролцоно гэдэг бол тамирчин хүний нэг бахархал. Тэр дундаа олимпийн наадмаас медаль хүртээд зогсох бүр сайхан. Энэ удаагийн олимпод эх орныхоо төрийн далбааг намируулж, төрийн дууллаа эгшиглүүлээрэй хэмээн бусад тамирчдаа ерөөе.Бид бүгд чадах болно. Бүгдээрээ эх орныхоо төлөө хамтдаа зүтгэцгээе гэж хэлмээр байна.
Бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ?
-Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид бэлтгэлээ “Говь ресорт” баазад гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Ж.Батням нарын удирдлаган дор базаасан.
Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *