Онцгой байдлын албаны албан хаагчид баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллажээ. Энэ хугацаанд аврах, шуурхай албаны 882, гал унтраах 963, нийт 1845 нэгж тусгай зориулалтын автомашин, 3438 албан хаагч (давхардсан тоогоор) үүрэг гүйцэтгэсэн бөгөөд сахилга, ёс зүйн зөрчил, дутагдалгүй ажилласан болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Аадар бороо, мөндөр орж үер буусны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд 7 болон 11 настай хоёр хүүхэд усанд осолдож нас барсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр аянга буусны улмаас өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 тулгуур багана унаж, сумын төвийн цахилгаан тасарсныг “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг 07 дугаар сарын 17-ны өдөр 13 тулгуур баганыг сэргээн босгож, таван под станцыг хэвийн ажиллагаанд оруулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халх гол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алдсныг (7 хүүхэд, 10 насанд хүрэгсэд) Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон голд гурван иргэн согтуугаар эргүүлэгтэй усанд унасныг Онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай ажиллан дээрхи иргэдийн амь насыг аварчээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газар болон тус дүүргийн 85-р сургуулийн дэргэд Туул голд хүн живж байна гэсэн гэсэн дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, ажиллаж, хоёр иргэний амь насыг аварсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.