Categories
гадаад мэдээ

Францын Ниццад болсон халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ мэдэгдэв

Францын өмнөд эргийн Ницца хотод 84 хүний аминд хүрсэн халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ өчигдөр буюу бямба гарагт хүлээн зөвшөөрсөн байна.

Зэвсэгт бүлэглэлийн дуу хоолойг хүргэдэг “Амак” мэдээллийн агентлаг “Францын Ниццад ажиллагаа явуулсан хүн бол Исламын улсын нэг дайчин байсан” гэж Телеграм сүлжээгээр зарлажээ. Мэдэгдэлд “Исламын улсын эсрэг тэмцэж байгаа эвслийн орнуудын эсрэг ажиллагааны хүрээнд тэр үүнийг үйлдсэн” гэж дурдсан байна.

Гэвч Францын эрх баригчид 31 настай тунис гаралтай алуурчныг тус бүлэглэлтэй шууд холбоотой гэсэн нотолгоог олоогүй байгаа юм. Харин дотоод хэргийн сайд Бернард Казенёв хэлэхдээ алуурчин Мохамед Лахуайе Булель нь хүрээлэн байгаа хүмүүсийн нөлөөгөөр богино хугацаанд экстремист үзэл бодолд автсан нэгэн байж болохыг өгүүлсэн байна.

Алуурчин нь арван жил Францад амьдарч байсан бөгөөд 2005 онд Тунисээс Франц руу явахдаа сэтгэцийн эмгэгтэй байсан тухай түүний эгч мэдүүлсэн гэнэ. Харин гэр бүлийн бусад гишүүд болон найз нөхөд нь Булелийг исламист үзэл сурталд автагдсан гэхэд эргэлзэж байгаагаа мэдүүлцгээжээ. Одоогоор Булелийн эхнэр болон өөр нэг ойрын хүнийг нь хэрэгт холбогдуулан баривчлаад байна.

Булель нь өнгөрсөн пүрэв гарагийн орой Францын үндэсний баярыг гудамжинд тэмдэглэж байсан бөөн хүмүүс рүү ачааны машинтай дайран орж зигзаг хэлбэрээр хоёр километр орчим давхихдаа 84 хүнийг хөнөөсний дараа цагдаа нар буудаж зогсоосон юм. Халдлагын улмаас 121 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагийн 30 нь хүүхэд байна. Тэдний 26 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *