Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь АСЕМ-ийн уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо ирсэн. Энэхүү дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа түүний манай улсад хийх төрийн айлчлал эхлэх юм.

Өмнөд Солонгосын төрийн тэргүүн албан ёсны айлчлал болох гэж байгаатай холбогдуулан “Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг урагшлуулдаг” нэртэй түүний намтрыг өгүүлсэн номыг Солонгос сургууль төгсөгчдийн холбооноос хэвлэн гаргажээ. Уг номын мялаалгын үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бичсэн бөгөөд тэрээр 1221 онд анх удаа Монголын элч болсон эмэгтэй Солонгост очиж байсныг дурдсан байна.

БНСУ-ын түүхэнд Пак Гын Хе шиг улс төрийн өндөрлөгт хүрсэн эмэгтэй улстөрч бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Тэрээр улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй. Дорнын уламжлалыг чандлан хадгалдаг Азийн оронд эмэгтэй хүн улс төрд хүчээ үзэж ийм өндөрлөгт хүрнэ гэдэг амаргүй. Пак Гын Хе нь үнэхээр хүчтэй, мэдлэг боловсролтой, чадварлаг тул амжилтанд хүрч чадсан.

Амжилтанд хүрсэн бас нэгэн нууцыг тэрээр намтартаа өгүүлсэн юм. Энэ эмэгтэй бол удам дагасан улстөрч. Түүний аав БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг бараг 20 жил хашсан Пак Жөн Хо бөгөөд дайны дараах хүнд жилүүдэд улс орноо удирдаж байсан. Ууган охин нь үргэлж аавынхаа дэргэд байсан тулд маш их зүйлийг сурахдаа уруудах, дээшлэх гээд аль алийг нь туулсан бөгөөд энэ бүхнээс маш их зүйлийг сурсан юм. Аав нь улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө чадах бүхнээрээ тэмцэж байсан тул охин нь багаасаа үүнийг мэдрэн өссөн. Эднийх Хөх ордонд нүүж очиход ээж, аав нь хүүхдүүддээ энд амьдарч байгаа нь бусдаас илүү гэсэн үг биш гэдгийг байнга сануулж байсан гэдэг.

Пак Гын Хэ эцэг эхийнхээ нэрийг сэвтүүлэхгүйн тулд хичээлдээ шамдан суралцахын хажуугаар англи, франц, испани хэл үзсэн. Оюутан болсон цагаасаа ээжийгээ орлон, аавдаа бараа болон гадаадын орнуудаар явахдаа нэлээд зүйлийг ойлгон ухаарсан байна. Соганы их сургуулийн электроник-инженерийн факультетийг онц дүнтэй дүүргээд мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр Францыг зорьсон юм. Харамсалтай нь нэгэн арга хэмжээний үеэр ээжийнх нь амь насанд халдсан явдал тэдний гэр бүлд маш том цохилт болсон. Пак Гын Хе Сөүлд буцан ирж ээжийгээ орлохоос өөр аргагүй болов. Ийнхүү 22 настайдаа тэргүүн хатагтайн амаргүй үүргийг гүйцэтгэхдээ ээж шигээ иргэдээс ирсэн захидал бүрийг нэгд нэгэнгүй уншиж аль болох ядарсан хүмүүст туслахыг хичээжээ. Тэрээр өдөр, шөнөгүй ажиллахдаа ихийг сурснаа намтартаа өгүүлсэн.

2004 онд болсон парламентын сонгуулийн өмнөхөн Ханнара намын нэр хүнд зогсолтгүй буурч байсан гэдэг. Авлигын мөнгийг машинаар зөөдөг гэсэн олиггүй нэртэй болсон нам нь улс төрийн хүчтэй шуурганд өртсөн. Ханнара намын байдал нэлээд хэцүү болсон үед энэхүү улс төрийн хүчнийг удирдахаар болжээ. Пак Гын Хе уг номоноо энэ талаар дурсан бичихдээ живж байгаа усан онгоцны ахмад болсон нь хэмээн дурдсан юм.

Дөнгөж 22 настайгаасаа эхлэн улс орныгоо хэрхэн хөгжүүлэх талаар бодож энэ тухайгаа аавтайгаа байнга ярилцаж байсан. Орон нутгаар аавыгаа дагалдан явж ард түмний амьдралын гүнд орж чадсан. Тиймээс ч Ханнара намын нэрийг өөрчилж, дахин улс төрийн өндөрлөгт гаргаж чадсан улстөрч юм. Азийн төдийгүй дэлхийн улс орнуудын түүхээс үзэхэд ийнхүү улс төрийн өндөрлөгт гарч чадсан эмэгтэй улстөрчид бол цөөхөн. Тэдний нэг нь яахын аргагүй БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе билээ.

Ю.ДЭЛГЭРМАА