Categories
мэдээ нийгэм

Аймаг, сумдын баяр наадам үргэлжилж байна

Энэ сарын 15-наас Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Дэлгэрэх, Мандах зэрэг сумдын наадам эхэлжээ. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас гаргасан захирамжийн дагуу сумдын наадам энэ сарын 15-25 хооронд зохион байгуулах аж. Говийн хутагтуудын өлгий нутаг гэгддэг тус аймагт энэ жил хур бороо ихтэй дэлгэр сайхан зун болж байна. Сумдын наадамд 32-64 хүчит бөх барилдаж, зургаан насны морьд уралдаж байгаа юм байна. Тухайлбал, Улаанбадрах, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ зэрэг сумаас гадна хөрш Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумдын уяач наадамчид ирцгээжээ.

Мөн Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 15-наас эхэлсэн байна. Энэ жил Хөвсгөл аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам тохиож байгаа ажээ. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр хурдан морь уралдуулж, нум сум харваж, хүчит бөхийн барилдаан зэргээр наадам үргэлжилж байна. Улсын заан Б.Баянмөнх, Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Б.Ганхуяг, Улсын начин Ч.Хөхчирэнгэр тэргүүтэй бөхчүүд аймгийнхаа баяр наадамд зодоглож байна.

Түүнчлэн өчигдөр Булган аймгийн Хишиг-Өндөр, Сайхан, Могод гэсэн сумдын баяр наадам эхэлжээ. Баяр наадам болж буй тус сумдад төрөлх нутгийн иргэд амралт, аялал зугаалгаар ирэн хөл ихтэй байгаа гэнэ. Дээрх сумдад айраг 3000 төгрөгний үнэтэй байгаа бол хуушуур 1000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Анхдагчдын өлгий Булган нутагт хур бороо ихтэй, дэлгэр сайхан зун болж байгаа юм байна.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *