Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал өндөрлөж, нутаг буцлаа

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 13-15-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон олон асуудлаар санал солилцсон юм. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар оролцож албан ёсны 15 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Энэ үеэр Хятадын тал 38 тэрбумын төгрөгийн өрөөс чөлөөлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.

Ийнхүү БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албан ёсны айлчлал амжилттай өндөрлөж, улмаар өнөөдөр 11.00 цагт нутаг буцлаа.

Б.Уранчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *