Categories
мэдээ цаг-үе

Су.Батболд: Нийслэлийн үе үеийн удирдлагуудын зөв зүйтэй ажлуудыг үргэлжлүүлнэ

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд хотын захирагчид нэр дэвшигч Су.Батболдыг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжиж Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болсон. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Таныг ямар байдлаар засаглах бол гэдэг хүлээлт байна л даа. Нийслэлийн өмнөх удирдлагууд автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах, автомашиныг дугаарын хязгаарлалттай болгосон зэрэг иргэдийн өдөр тутамдаа мөрдлөг болгосон шийдвэрүүдийг гаргаж байсан. Энэ шйидвэрүүд цаашаа үргэлжлэх болов уу?

-Би түрүүн НИТХ-ын индэр дээр байхдаа хэлсэн. Үе үеийн нийслэлийн удирдлагуудынхаа хамгийн зөв зүйтэй, иргэдийн талархлыг хүлээсэн ажлуудыг мэдээж үргэлжлүүлнэ. Энэ бол монгол төрийн хийх ёстой ажил. Алдаатай оноотой, иргэдийн зүгээс шүүмжлэлд өртөж байсан ажлуудыг нь засч сайжруулан ажиллана.

-Нийслэлийн Засаг даргаар ажиллахаар болж байна. Албан тушаалаа авангуутаа хийхээр төлөвлөсөн, бодсон зүйлс байгаа байх. Заримаас нь хуваалцахгүй юу?

-Монгол Улсын нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар сонгогдож буй явдал бол баяр хөөр, албан тушаал гэхээс илүү асар их хариуцлага гэж ойлгож байна. Иргэд бидний амьдрал сайжраасай, сонгуулийн хугацаанд НИТХ-д нэр дэвшиж байсан дэвшигчдийн амлаж байсан амлалт биелээсэй гэж хүсч байгаа. Тиймээс энэ хүмүүсийнхээ итгэл сэтгэлийг дааж ажиллах өндөр хариуцлага юм аа. Хамгийн эхний асуудал бол хүн бүр ажилтай, орлоготой байх ёстой. Цалинтай, түүгээрээ амьдралаа төвхнүүлдэг боломжийг олгох учиртай. Мөн нийслэл хот маань Монгол орны нүүр царай болдог газар шүү дээ. Тийм учраас цэвэр цэмцгэр, хөгжин цэцэглэсэн нийслэл байх ёстой.

-Удахгүй наадам болох гэж байна. Үргэлжлээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Мөн зуны улиралд хотод бүтээн байгуулалтын ажлууд ид явагддаг.

-Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороон даргаар миний биеийг томилсон захирамж гаргасан тухай дуулгасан. Би Их Монгол Улсын 800 жилийн ойн баярыг зохион байгуулж байсан. Үндэсний их баяр наадам гэдэг бол нийт монгол түмний баярын арга хэмжээ учраас маш сайн зохион байгуулах учиртай. АСЕМ-ын хувьд монгол төрийг, монголчуудыг дэлхий нийтэд харуулсан арга хэмжээ учраас өндөр хариуцлагатай зохион байгуулах ёстой. Мэдээж захирамж гарсан даруй хотын өдөр тутмын ажилд шууд орно гэж бодож байна.

-Нийслэлтэй холбоотой асуудлууд дээр өмнө нь хэр анхаарал хандуулдаг байсан бэ?

-УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, тэр дундаа нийслэлийн бие даасан байдал эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байсан гэж хэлж болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хотын эрхзүйн байдлын тухай хууль гэсэн хоёр гол хууль байна. Мөн Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг сайжруулах ажлын хэсэг дээр ажиллаж байсан. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн зүгээс оруулсан томоохон төсөл байгаа. Хэдийгээр улс орны эдийн засаг санхүүгийн хямралтай, хүнд хэцүү байгаа боловч хүн амын маань тал шахуу нь амьдарч байгаа нийслэл хотынхоо дэд бүтцийг сайжруулах Азийн хөгжлийн банкны төслийг УИХ дэмжсэн. Энэ төсөл нийслэлд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэнэ гэж дэмжиж байлаа.

-Магадгүй иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн ажил бол гэр хорооллын дахин төлөвлөлт байх. Энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах уу?

-Хотын удирдлагын өмнө хамгийн том тулгамдаж байгаа асуудал бол гэр хорооллын асуудал. Би бол гэр хороолол гэж цаашаа нэрлэх ёстой юм уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Миний хувьд бол хотод амьдарч байгаа улсуудыг тэгш боломжоор хангана гэж үзэж байгаа. Хотын төвд, захын дүүрэгт, дагуул хотод гээд хаана ч амьдардаг бай адилхан дэд бүтэц, нийтийн аж ахуй, төр захиргааны үйлчилгээ авдаг байх ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлт маш олон хэл аман дундуур төвөгтэй явж байгааг би мэднэ. Тийм учраас дээр дурдсан УИХ-аар батлагдсан тэр төслийн хүрээнд нийтийн аж ахуй болон дэд бүтцийн төвүүдийг бий болгох замаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ.

Боломжтой хэсэгт нь мэдээж бид орон сууцны хорооллуудыг барина. Мөн боломжтой газруудад төвлөрсөн дулаан, усны хангамжийг бий болгож иргэн хүн өөрийнхөө өмчилж авсан газар дээрээ тав тухтай амьдрах тэр бололцоо нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүний тулд нийслэлийн хөрөнгө хүч, бусад бүх зүйлийг төвлөрүүлж ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Таныг УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож ажиллаж байсан хүн гэдгийг бүгд мэднэ. Харин аймаг, нийслэлийн Засаг даргаар ажиллах туршлагын талаар хэр гэдгийг иргэд сонирхож байгаа байх?

-Би улстөрчийн гараагаа аймгийн ИТХ-д сонгогдож эхэлж байсан. Аймаг нийслэлийн ИТХ гэдэг байгууллага юу хийх ёстой юм, ямар байх ёстой юм гэдгийг би залуу насандаа үзэж туулж ирсэн. Мөн өнгөрсөн хорь гаруй жилийнхээ улс төрийн амьдралд орон нутгийн бие даасан байдлыг яаж дээшлүүлэх вэ, хурлын бие даасан байдлыг хэрхэн дээшлүүлэх, орон нутаг төв Засгийн газраас хараат бусаар яаж ажиллах вэ. Боловсон хүчин болон санхүү бусад асуудлаар яаж бие даасан байх вэ гэдэг тал дээр практик ажил ч хийж байсан. Судалгааны ажил ч хийж докторын зэрэг хамгаалсан. НИТХ-ын төлөөлөгчид намайг төлөөлөгч биш гээд ад үзээд байхгүй болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэвэл бидний санаа бодол зөвхөн нийслэлийн хөгжлийн төлөө л байна. Миний өмнө манай төлөөлөгчид тэр нам, энэ нам гэлгүйгээр ажиллах боломж бүрдэнэ. Би яг төлөөлөгч хүн шиг, аль нэг хороо дүүргээс мандат авсан хүн шиг ажиллана. Миний үнэт зүйл бол шударга ёс. Би нээлттэй, ил тод ажиллана. Шударга бус зүйл, авлига хээл хахууль, төрийн эрх мэдэл болон аливаа эрх мэдлийг шударга бусаар ашиглахын эсрэг хатуу тэмцэнэ. Би өөрийнхөө багт ч гэсэн ийм хүмүүсийг авч ажиллана гэж бодож байгаа. Төрийн нэг төгрөгийг шамшигдуулахын төлөө асуудал гаргасан хүнтэй би нэг өдөр ч хамтарч ажиллахгүй. Монгол Улсын төр захиргааны байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байна. Миний амьдралын замнал, өнөөдөр нийслэл хэмээх айлыг авч явах асуудалд нэр дэвшүүлж байгаа явдал бол Монголын төрд ийн шударга ажилласны илрэл гэж үзэж байгаа.

Батболдын дэргэд ажил хийдэг хүн байх хэрэгтэй. Өөрийнхөө эрх ашгийг умартаж төрийн ажлыг өмнөө тавьж хийж чаддаг хүн хэрэгтэй. Би тийм байхыг, шударга ажиллахыг шаардана. Өнөөдөр манай ард түмэн юуг хүсч байна вэ гэхээр энэ төрийн хүч, хөрөнгийг шударгаар бидний төлөө зарцуулдаг хүн байгаасай гэж хүсч байгаа.

-Төрийн эрх мэдэл солигдохоор дагаад олон хүн ажлаас халагдах явдал гардаг. Улстөржиж, чадвартай боловсон хүчнүүдийг халж, солихгүй байх тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Монгол Улсын төрийн албаны хуулийг 2008 онд шинэчилсэн. Саяхан Ерөнхийлөгчөөс Монгол Улсын төрийн албаны хуулийг өргөн бариад ажлын хэсэг ажиллаад бараг эцсийн хэлэлцүүлгийнх нь шатанд болоод орхисон байгаа. Би бас Төрийн албаны тухай хуулийг санаачилсан. Энэ хоёр хуулийн хэлэлцүүлэг эцсийн шатандаа орсон байгаа. Монголын төрийн өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бол төрийн алба тогтвортой ажиллахгүй байгаа нь юм. Би энэ тогоонд хутгалдаж явдаг хүний хувьд монгол төрийн өнөөдрийн эмгэнэл бол монгол төрийн тогтвортой бус байдал гэж хэлнэ. Төрийн албан хаагчид элдэв юм бодохгүйгээр, аль нэгэн нам, хэн нэгэн албан тушаалтны золиос болохгүйгээр ажиллах баталгааг нь хангах учиртай гэж Төрийн албаны тухай хууль дээр ажиллаж ирсэн. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа ч энэ асуудал дээр ажиллаж байсан. Ийм тогтвортой байдлыг бий болгож УИХ-аас энэ хуулийг баталж өгнө гэдэгт найдаж байгаа. Би Монгол Улсын Төрийн албаны хуульд заасан тэр хэм хэмжээгээр төрийн албан хаагчидтайгаа ажиллана.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *