Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Төрийн бодлогыг хүн бүр, айл болгонд хүргэхээр ажиллана

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Г.Мөнхцэцэгтэй УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авах үеэр нь ярилцсан юм.

-УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Таныг “Болор цом”-ын эзэн яруу найрагч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн тэргүүн. Харин улстөрчийн хувиар хүмүүс тэр болгон мэдэхгүй байх гэдэг үүднээс асууж байна л даа. Өмнө нь төрийн албанд ажилласан ямар туршлагатай вэ?

-Ер нь Монголын зохиолчдын эвлэл гэдэг бол тэр чигтээ төрийн байгууллага шиг олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Хоёрдугаарт, манай нам өөрөө нэр хүндтэй, том, улс төрийн ууган хүчин шүү дээ. Тиймээс ч би намдаа доод шатнаас нь өгсүүлээд тодорхой хэмжээний ажлуудыг хийсээр ирсэн байгаа. Мөн манай соёлын салбар гэдэг өөрөө их том. Тэр салбарт миний сүүлийн жилүүдэд хийсэн ажлууд маань хүмүүст нэлээд хүрсэн байна. Манай тойргийн сонгогчид ч намайг соёлын салбарт хийж буй ажлуудаа үргэлжлүүлээсэй гэж харж байгаа. Иймээс улс орны хөгжил, тойрогтоо чиглэсэн ажлуудаасаа гадна өнөөдөр үндсэндээ орхигдоод байгаа Монголын соёл, боловсролын салбарыг шинэ шатанд гаргаж сайжруулахын төлөө зүтгэнэ гэж бодож байна.

-УИХ-д нэрээ дэвшүүлэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Би улс төрд шинэ хүн биш л дээ. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын намын жагсаалтад 23-т бичигдэж байлаа. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо гээд намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Ер нь тодорхой түвшинд намын дэргэдэх шат шатны байгууллагуудад ажиллаж явсан. Энэ ч утгаараа улс төрийн тогоонд байсан хүн. Зохих хэмжээгээр улс төрийн ажил хийж явсан болохоор ч манай тойргийн иргэд намайг маш ихээр дэмжлээ.

-Сонгуульд өрсөлдөх явцдаа тойрогтоо хийх, анхаарах ажлуудаа харж явсан байх. Ер нь цаашдаа тойргийнхоо ямар тулгамдсан асуудал дээр анхаарч ажиллахаар анзаарч байв?

-Манай 12 дугаар тойрог бол их онцлогтой газар л даа. Говь-Сүмбэр аймгийн гурван сум, Дорноговь аймгийн найман сум гээд үндсэндээ хоёр аймгийн 11 сумыг хамарсан том тойрог байгаа юм. Хоёр аймгийг хамарсан болохоор ямар нэг байдлаар ялгаварлал гэж байх ёсгүй. Бүх суманд анхаарч ажиллана. Төрийн бодлого хүн бүр, айл болгонд ямар нэгэн хэмжээгээр хүрч байх ёстой. Энэ бодлогыг л барьж ажиллана гэж бодож байгаа. Надад итгэл хүлээлгэсэн тойргийнхоо нийт иргэдэд халуун талархлаа илэрхийлж байна. Та бүхнийхээ төлөө би зүтгэнэ ээ.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Нийгэм, Монголын ард түмэн өөрсдөө манай намыг хүлээж байсан байна. Сонгуульд оролцсон сонгогчдын ирц маш өндөр байлаа. Тэд яагаад Монгол Ардын намд ингэж өндөр итгэл үзүүлэв. Үүнээс үзэхэд зайлшгүй өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Хийхдээ ард түмэнтэйгээ цуг ажиллах ёстой байсан байна гэдгийг би намын гишүүний хувиар харж байлаа. Сая сонгуулиар намын ажлаар тойрог болгоноор явж уулзалтад оролцсон. Ингэж явахад ард түмэн биднийг ялгаварладаггүй, дампууруулдаггүй, ядраадаггүй ийм төртэй байхыг хүсч байна гэдгээ илэрхийлээд үүнийг МАН-ын та бүхэн биелүүлээд өгөөч гэж байлаа. Иргэдэд маань ард түмнийхээ нурууг тэнийлгэж өгөөч гэсэн ийм хүлээлт байсан байна. Асар өндөр хариуцлагыг бидэнд өгсөн гэж ойлгож байгаа.

-Монголын зохиолчдын эвлэлийн даргаар хэн ажиллах бол?

-Тэр тухай би тодорхой мэдэхгүй байна. Ер нь зохиолч гэдэг нийгмийн тархи, зүрх нь байдаг учраас энэ ажлыг хэн хийх, цаашид энэ айлыг хэн авч явах вэ гэдэг бас тодорхой хэмжээгээр нийгмийн анхаарлын төвд байх шиг байна. Үе үеийн зохиолчдын байгууллага удирдагчдаа төрүүлж байдаг. Өөрсдөө цаанаасаа хувь тавилангаараа төрж байдаг учраас мэдээж энэ айлыг авч явах хүн байж л байгаа. Тэр хүнээ олж тавих нь удирдах зөвлөлийн өөрийнх нь шийдвэр байдаг. Зохиолчид хэнээрээ толгойгоо бариулахаа өөрсдөө мэднэ дээ. Энэ тал дээр санаа зовохгүй байна.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *