Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: Шинэ засгийн газар Харвони эмийн асуудлыг анхаарлаасаа бүү гаргаасай

-ХАРВОНИ ЭМИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ЗААВАЛ ХАМРУУЛАХ ЁСТОЙ-

Ази, Номхон далайн элэг судлалын холбооны зөвлөх, анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай элэгний өвчлөл болон Харвони эмийн талаар ярилцлаа.

-Элэгний “Харвони” эмийг одоо хаагуур, хэдэн төгрөгөөр зарж байна. Иргэдэд хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бий юу?

Энэ эмний талаар бид нэлээд хөөцөлдөж байгаа. Харвони эм Монголд нэг сарын эмчилгээ нь 800.000 төгрөг гэж байгаа. Гурван сарын курс эмчилгээ нь 2.400.000 төгрөг гэсэн үг. Энэ эмчилгээний тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас олгож, иргэдийн ачаанаас хөнгөлөх хэрэгтэй байна. Ингэх нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд спортын яамны хийх ажил. Гэтэл тэд одоог хүртэл хөнгөлөлттэй нөхцөлд оруулаагүй. Уг нь энэ эмийн хөнгөлөлтийг Сангийн яамнаас 2016 оны төсөвт тусгасан байгаа юм билээ. Тэгэхээр одоо төсвийн тодотгол хийхийг хүлээх хэрэгтэй байх. Харин түүнээс өмнө хэдэн хувийг нь даатгалаас шийдэх гээд байгаагаа тодорхой болгочих ёстой юм. Энэ ажлыг шинэ Засгийн газарт өгч байгаа гэрийн даалгавар гэж ойлгож болно. Саяхан С. Ламбаа сайд энэ эмийг авахад банкны зээлд хамрагдах боломжоор нь хангаж өгчээ. Тэгэхдээ иргэд яах гэж эрүүл мэндийн даатгал төлж байгаа вэ гэдгийг хэзээ ч мартах учиргүй.

-Мөн энэ эмийг авч хэрэглэхийн тулд олон шатлалын шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу. Шинжилгээг хаана өгөх вэ. Шинжилгээний төлбөр нь нийтдээ хэдэн төгрөг болох вэ?

-Эмчилгээний үр дүнг гаргахын тулд зайлшгүй шинжилгээ өгөх ёстой байдаг. ХӨСҮТ-өөс магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээ өгч болно. Үнийн хувьд янз бүр л байгаа байх. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан багц шинжилгээ нь 400-800 мянган төгрөгийн үнэтэй.

-Харвони эм хэрэглэсэн хүмүүсийн эхний үр дүн гарсан уу. Элэгний өвчин нь бүрэн эдгэсэн тохиолдол бий юу?

Эхний үр дүн гарсан. Одоогоор уугаад вирус нь арилаагүй хүн байхгүй байна.Тухайн хүний онцлогоос шалтгаалаад вирус нь удаан арилдаг, хурдан арилдаг ялгаа бол гарч байгаа. Үр дүнг эцсийн байдлаар эмчилгээ дуусаад нэг жилийн дараа хяналтын шинжилгээгээр тогтооно. Монголд одоогоор эмчилгээ нь дуусаад нэг жил болсон хүн алга. Зарим улсад хоёр жил хянах тохиолдол ч байдаг. Эцсийн үр дүнг хэлэхэд эрт байна.

-Манай улсын хэмжээнд элэгний вирустэй хэдэн хүн байна. Тэд Харвони эмийг авч хэрэглэж чадаж байна уу.Судалгаа байдаг уу?

-Арваад жилийн өмнөх судалгаагаар хүн амын 15 хувь буюу манай улсын хэмжээнд С вирустэй хүн 450.000 байх магадлалтай гэж үзэж байгаа. Олныг хамарсан сайн түүвэр судалгаа одоогоор алга. Тэгэхээр шинээр судалгаа гаргах хэрэгтэй байх. Үүнийг хийхэд 100-300 сая төгрөг шаардлагатай болно. Уг нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад халдвартай хүний тоо цөөрсөн байх ёстой. Ямартай ч одоогоор 5000 гаруй хүн элэгний эмчилгээнд хамрагдаж байгаа гэсэн тоо бий. Энэ бол чамлахаар тоо биш. Өөрөөр хэлбэл манай улсад урьд өмнө хийж байгаагүй их вирус устгал явагдаж байна гэсэн үг юм.

-Ямар шалтгаан нөхцөлөөс болоод манай улсын хүн амын дунд элэгний өвчлөл их байгаа вэ. Элэгний эмчилгээг эмчлэх арга нь олон улсын түвшинтэй харьцуулахад ямар байна?

-Олон жилийн өмнөөс шприцний шар гэж алдаршсан энэ вирус дутуу ариутгасан тариур, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр дамжсан. Одоо ч дутуу ариутгагдсан эмнэлгийн аппаратаар дамжиж байхыг үгүйсгэхгүй. Мөн вирусийн эмчилгээнд шаардагдах бүх шинжилгээ нь нэвтэрчихсэн улс орон дэлхийд цөөхөн. Энэ цөөхөн улсын нэг нь манай улс. Тэгэхээр элэгний өвчин эмчлэх аргаараа олон улсын түвшинд хүрсэн гэсэн үг.

-Манайхан элэгний өвчлөл, С вирус гэдэг өвчнөөс айхааргүй болох боломжтой юу. Элгээ өвчлүүлэхгүй байхад юу анхаарах вэ?

-С вирусээс айдаг үе ард хоцорчээ. Одоо үнэндээ В вирус, D вирус л аюултай хэвээр байна. В вирусийг дардаг эм байдаг боловч бүрэн устгадаг эм одоо хэр нь дэлхийн зах зээлд нэвтрээгүй байна. 1990 оноос хойш В вирусийн вакциныг Монголд төрсөн хүүхэд бүрт хийж байгаа. Энэ вакцин нь давхар D вирусээс хамгаална. Учир нь Д вирус нь зөвхөн В вирустэй хүнд л халдварладаг онцлогтой. 40 жилийн дараа гэхэд В вирустэй хүнийг Монголоос хайгаад ч олохооргүй болно. 40 жилийн дараа элэгний хатуурал, хорт хавдар ч нүдний гэм болох болов уу гэж бодож байна.

-Зуны дэлгэр цаг эхлэхээр монголчууд айраг их ууж хорхог, боодог их иднэ. Найр наадам болохоор архи ууна. Энэ нь элгэнд сөрөг нөлөөтэй байдаг уу. Элгээ хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

Мах боодог бол элгийг гэмтээдэг эд биш. Архи бол яах аргагүй олон хүнийг элэгний хурц дутагдалд оруулж, амь насанд нь хүрсэн хортой эд.

-Зарим эмч нар элэгний өвчнийг уламжлалт эмчилгээний аргаар эмчилнэ гэдэг энэ боложтой юу?

Уламжлалт аргаар элгийг эмчилж болдог, тэгэхдээ хяналтын шинжилгээг сайн харах хэрэгтэй. Үр дүн өгч байвал үргэлжлүүл, өгөхгүй бол даруй зогсоох учиртай.

-Хармонигоос өөр төрлийн, сайн үйлчилгээтэй элэгний эм орж ирж байна уу?

-Харвони эмийг анх зохион бүтээсэн Гилеад Сайэнс компани нь эмийнхээ патент болон үйлдвэрлэх технологио Энэтхэгийн 11 үйлдвэрт шилжүүлсэн юм. Тэдгээр нь эмээр хангаж дийлэхгүй байгаа 110-аад орны хүн амыг харьцангуй хямд үнэтэй эмээр хангах үүрэг авсан байдаг. Монгол Эм Импекс компани Ледвир гэдэг эмийг оруулж ирсэн нь тэдгээрийн нэг гэж ойлгож болно. Нэг сарын эмчилгээ нь 500.000 төгрөг, энэ үнэ нь цаашдаа ч хямдраад явах байх. Ер нь С вирусийн эмчилгээ чинь ханиад эмчлэхийн дайтай болчихлоо. Ингэлээ гээд тайвширч болохгүй. Зөв эмчлэх нь хамгийн чухал.

-Та саяхан нэг олон улсын хуралд илтгэл тавиад ирлээ гэж байсан. Сонин хачнаас хуваалцаач.

-Ази, Номхон Далайн элэгний эмгэг судлалын холбоо гэж байдаг. Энэ жилийн ээлжит чуулган нь Токио хотод болоод өнгөрлөө. Намайг “Элэгний вирусийн хавсарсан халдварын эмчилгээ, дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавихыг хүссэний дагуу илтгэл тавиад ирсэн. Хуралд 4500- гаад элэг судлаач дэлхийн 60 гаруй орноос ирж оролцлоо. Нээлтэд нь Японы Эзэн хааны гүнж хүрэлцэн ирж үг хэлсэн нь гадаад дотоодын зочид, хэвлэлийнхний анхаарлыг их татсан. Энэ нь Япон улс элэг судлалд онцгой анхаарч байгаагийн нэг илрэл гэж хэлж болно.

-Таны илтгэлийн онцлог юу байв?

Элэгний вирусийн эмчилгээ маш хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Энэ цаг үед В, С юм уу, В, Д, эсвэл В, D, С вирусийн хавсарсан халдварыг хэрхэн эмчлэх вэ гэдэг нь их анхаарал татаж байгаа. Тиймээс энэ талаарх судалгаан дээр үндэслэж, илтгэл тавьж, хэлэлцлээ. Манай улсын хувьд хавсарсан вирусийн халдвар өндөр оронд багтдаг тул энэ судалгаа онцгой ач холбогдолтой юм.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *