Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Ази Европын түмэн олон амгалан найрсаг байг

Нээлтийг хийхийн өмнө хүндэт зочид төлөөлөгчдөд Франц улсад болсон террорист халдлагад өртөн амь насаа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэн нэг минут чимээгүй зогсохыг уриаллаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг нээж үг хэллээ.

Эрхэм хүндэт төр засгийн тэргүүн нар аа,

Хүндэт төлөөлөгчид өө

Хатагтай ноёд оо

Монголын сайхан оронд Та бүхнийг тавтай морилон саатахыг хүсье. АСЕМ-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид тус бүрийн зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл өргөе. Та бүхнийг манай улс нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Монголын ард түмэн, төр засаг нэн талархан хүлээн авч байна.

Монгол Улс бол Ази Европ тивийн дунд нь оршдог өвөрмөц байршилтай орон. Бөмбөрцгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс. Ази Европын энэ удаагийн дээд түвшиний уулзалталт нь “Ууялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Ийм хэлэлцүүлэг өрнөж байгаа нь олон жилийн улбаатай юм. Найман зууны өмнө Монголд Ази Европын эчлүүд уулздаг байсан. Тэд хоёр тивийн улсуудын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, шашин хоорондын харилцааг зохицуулах, худалдааны чөлөөт аюулгүй байдлыг хангах, мэдлэг ололтоо солилцох, шуудан холбооны өртөө сүлжээ байгуулах талаар ярилцдаг байсан. Энэ тухайд түүхийн сурвалжууд тодорхой өгүүлсэн байдаг. Эрхэм нөхөд өө, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо хүлээж авах нь Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. өнгөрөгч хоёр жилийн хугацаанд АСЕМ-ийн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөцөд туслалцаа дэмжлэг үзүүлж хамтран ажилласан улс орон байгууллага хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Европ Ази тивийн улс орнуудадын хувьд манай хоёр тивийн хувьд ижил төстэй бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдвэр гаргахыг шаардсан тулгамдсан асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байна. Мөн энэхүү дээд түвшний арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. гишүүн орон түнш орныг төлөөлсөн албаны хүмүүс дээрх зүйлийг сайн хангаж ажиллаж ирснийг зориуд тэмдэглэе.

Ази Европын энэ удаагийн уулзалтаар Улаанбаатарын тунхаглал эв нэгдэл гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ийн өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж ирээдүйн хөгжлийг тодорхойлж хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд тусгалаа олох нь гарцаагүй. Мөн эндээс гарсан тодорхой хэлцэлүүдийг дагалдаж дараагийн ажлуудын дүр зураг төлөвлөгөө гарна гэдэгт итгэж байна. Талууд ч энэхүү уулзалтанд хүндэтгэлтэй хандаж ажил хэрэгч байдлаар оролцоно гэдэгт найдаж байгаагаа Ази Европын дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн хувьд цохон тэмдэглэе. Эрхэм зочдоо энэ жил АСЕМ-ийн 20 жилийн ой тохиож байгаа юм. Ази Европын дээд хэмжээний энэхүү 11 дүгээр уулзалтын агуулга ч бидний хамтаар өнгөрсөн 20 жилийн түүхээ дүгнэж ирээдүйн 20 жилээ төсөөлөхөд чиглэж байна.

Монгол Улсын хувьд ч энэ жил түүхэн тэгш ойнууд тохиож байгаа. Монголын төр улс байгуулагдсаны болон Их Монгол улс байгуулагдсаны тэгш ойнуудыг бид тэмдэлэж байна.

АСЕМ-ийн уулзалт нь манай үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцаж үргэлжлэл нь болон өрнөж байгаа нь их бэлэгдэлтэй юм. Монголчуудын баяр наадам сайхан зүйлийг дагуулан ирдэг гэж эрт дээр үеэс манай ард түмэн үзэж ирсэн. Та бүхэнд бид наадам бэлдсэн байгаа. Тэнгэр болгоож таалалд тань нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд бид АСЕМ-ийн энэхүү дээд хэмжээний уулзалтыг Монгол газар шороон дээр бүтэн зуунд тохиох чухал үйл явдал гэж үзэж байгаа. Бас та бүхнийг хүсэн хүлээж хичээнгүйлэн бэлдсэн. Монгол бол хүн нь зочломтгой байгаль нь тансаг үндэснийхээ түүх ололтоор бахархдаг өрнүүн хүсэл тэмүүлэлтэй нээлттэй найрсаг улс учир эрхэм дээд зочид гэж Монгол Улсад тавтай морилон саатахыг дахин урья. Ийнхүү Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Монгол Улсын Улаанбаатар хотод эхэлж байгааг баяртайгаар тунхаглан зарлаж байна. Ази Европын түмэн олон амгалан найрсаг байг. Анхааран сонссонд талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *