Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” 184 мянган төрийн алба хаагчийг хамгаалах цайз болно

Засгийн эрх нэг намаас нөгөөд шилжлээ. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын тэргүүлсэн УИХ, Засгийн газар төр барьж байсан бол одоо МАН-ын байгуулах төрөөр бид удирдуулна. Энэ бол монгол түмний сонголт байв. Гэхдээ төрийн эрх мэдэл нэгээс нөгөөд шилжих бүрийд саналаа өгсөн сонгогчдын эргээд айдаг нэг зүйл бол ирэх дөрвөн жилд төрийн бодлогыг хэрхэн авч явах бол, халаа сэлгээ, өөрчлөлт хэр хийгдэх бол гэсэн асуулт байдаг. Тэр дундаа төрийн алба хаагчид хамгийн их айдас хүйдэстэй сонгуулийн дараахь өөрчлөлтийг хүлээдэг. Энэ бол энгийн нэгэн айлд учирч байдаг дарамт. Хотод төрийн албанд хоёр хүү нь ажилладаг нэгэн ээж хөдөөнөөс эгч рүүгээ утас цохиж байна гэнэ. “Танай хүүгийн нам сонгуульд ялжээ. Одоо тэгэхээр дөрвөн жил ажилгүй байсан танай хүн нэг ажилтай болох байх. Одоо би нөгөө муу хоёроо яана аа. Ажилтай нь яаж үлдээх арга чарга мэдээрэй” гэж. Улс төрийн албан тушаал, төрийн захиргаа, тусгай албаны хүмүүс ч биш төрийн үйлчилгээний албанд ажилладаг хүмүүст ийм айдас байна гэхээр бид дэндүү ялзарчээ. Төрийн албыг улс төрөөс ангид байлгая гэж ярьсаар бид удлаа. Хэдийгээр ийм байх ёстой гэж хүлээн зөвшөөрөвч амьдрал дээр хэрэгжихгүй явж ирлээ. 2008 оноос төрийн албан хаагчид нам эсвэл төрийн албаа сонгож нэг талдаа гардаг жишиг тогтож эхэлж байсан ч сүүлдээ энэ бүхэн хэнд ч сонин биш болчихлоо. Ер нь сонгууль бүрийн дараа нэг хэсэг нь хоолтой залгаж, нөгөө хэсэг нь гудамжинд гардаг байдал ноёлоод удав. 2000 оны сонгуулийн дараахь дөрвөн жилд 15 мянган төрийн албан хаагч ажлаасаа халагдаж байв. 2004, 2008 оны сонгуулийн дараа иймэрхүү хэл ам харьцангуй бага байсан нь хамтарсан Засгийн газар байгуулсантай холбоотой гэж байлаа. 2008 оны сонгуулийн дараа хамгийн тогтвортой буюу 5,6 хувь нь л хөдөлгөөнд орсон байдаг. 2012 оны сонгуулийн дараа 9.7 хувь нь өөрчлөгдлөө гэж багагүй хэл ам болж байлаа. МАН-ынхан эрх баригч АН-ынхныг энэ тал дээр багагүй шүүмжилж, Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах Төрийн албан хаагч хороог байгуулж байв. Гэхдээ МАН-ынхан Засгийн газарт орсон зурвас зургаан сарын хугацаанд 500-гаад хүн халсан дуулиан гарах үед төдийлөн дуугарахгүй байсан нь нийт төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах гэхээсээ намын гишүүдийнхээ эрх ашигт нийцүүлэх гэсэн байгууллага байж гэсэн хар сэрийг төрүүлж байлаа. Тухайн үед МАН-ын гишүүд яамны сайд болж ирэнгүүтээ олноор нь халж, өөрсдийн хүмүүсээ тавьж байна гэсэн гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд олноор ирснээр нийтийн сонсгол хийхэд хүрч байв. Тус байнгын хороонд 2014-2015 онд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан, чөлөөлсөн тухай нийт 227 гомдол ирсэн гэсэн баримт бий. Үүний дараа МАН-ын сайд нарыг огцруулсны дараа АН-ын сайд нар бусад яамдын асуудлыг давхар хариуцаж байх үеэсээ томилгоо хийгээд эхэлсэн нь бас л шуугиан тарьж байлаа. Үүрэг гүйцэтгэгч байхдаа томилгоо, халаа сэлгээ хийж болохгүй байтал дараагийн сайд нарыг албан ёсоор томилогдохоос өмнө яаран томилгоо хийсэн хэрэг дуулдаж байсан. Ерөөсөө аль ч засгийн үед, бүр нэг засагт нөгөө намаас нь хүн ороод ирэхээрээ л яригддаг асуудал бол халаа сэлгээ, халалт чөлөөлөлт. Үндэслэлгүй халагдсан гээд гомдол нь шүүхээр ороод ирэхээр ажиллаагүй хугацааны цалинг нь олгохоос эхлээд төрийн халааснаас өчнөөн төчнөөн мөнгө гарна. Бас гэнэт халсны нөхөн төлбөр гээд дунджаар гурван сая төгрөг олгодог. Үүнээс гадна өөрөөр нь өргөдөл өгүүлж ажлаас нь гаргах нэг “сайхан” арга бий. Ерөөсөө төрийн албанд ажиллагсдын ажил амьдрал, сонгуулийн маргаашнаас үргэлж хөндөгдөж, дээсэн дөрөөн дээр явж байдаг. Гэтэл мэргэшсэн төрийн албан хаагчид монгол төрийн амин сүнс нь, гол ачааны хүндийг үүрдэг улс, төрийн залгамж чанарыг дамжуулагсад юм. Төрийн албанд шалгарсан, мэргэшсэн хүмүүс аль нам ялсан хамаарахгүйгээр ажиллаж байх учиртай. Тэгж байж л бид чадварлаг төр, чансаатайхан албан хаагчидтай болж урагшлах ёстой. Тийм ч учраас төрийн албанд зүтгэгсэд, төрийн албан хаагчдын эрх ашгийг манай сонин тууштай хамгаална гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Албан ёсны мэдээгээр 184 мянга орчим, төрийн өмчит компаниудыг нэмсэн зарим мэдээллээр 200 мянга хүрсэн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, цайз цамхаг нь “Өдрийн сонин” байх болно. Нам харж, танил талаа бодож төрийн мэргэшсэн албыг хүчгүйдүүлж, уландаа гишгэх увайгүй алхмыг зогсоож тэмцэх талбар нь бид байсаар ирсэн, байх ч болно. Энэ удаад онцлон зарлаж байгаа нь өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үеэр нэг эвгүй мэдээлэл явсантай холбоотой. МАН-ын удирдлагуудын төрийн албыг хэрхэн зарж, мөнгө босгож болдог талаар ярьсан аудио бичлэг олон нийтэд цацагдсан. Хэдийгээр үүнийг сонгуулийн үеэр зориуд эвлүүлсэн бичлэг гэж байгаа ч сэтгэлд сэвтэй мэдээлэл явчихаар хүмүүсийн сэтгэлд хар суучих нь мэдээж. Үнэн байгаад ийм маягаар явчихвий гэсэн айдас ч хүмүүст төрчихөөд байгаа. Дээрээс нь МАН энэ удаагийн парламентад үнэмлэхүй ялалт байгуулчихлаа. Хэт үнэмлэхүй болчихоор хүч түрэн аливааг шийдээд явчихдаг муу жишиг бий. Тиймээс төрийн албан хаагчдыг хоморголон халах явдал газар авахвий гэсэндээ албан ёсоор уншигчдадаа мэдэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *