Categories
мэдээ цаг-үе

МАН-аас ард түмний хүлээх анхны хүлээлт мэргэжлийн Засгийн газар байгуулах

УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан МАН-ыг Засгийн газраа хэрхэн байгуулахыг итгэл үзүүлж, улс орныхоо хувь заяаг даатгасан ард түмэн хүлээж сууна. Хамгийн гол нь Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан мэргэжлийн Засгийн газар байгуулахыг олон нийт итгэл үнэмшилтэйгээр харж байгаа. Учир нь Ардын намын нөхөд маань “Ардчилсан намын бодлогогүй алхмаас болж 17.5 хувьд хүрч байсан эдийн засаг тасралтгүй унан, ямар ч өсөлтгүй боллоо. Харин Монгол Ардын нам богино хугацаанд хямралыг даван туулах “мэргэжлийн Засгийн газар”-ыг байгуулж ажиллах болно” хэмээн зогсоо зайгүй сурталчилсан.

Мөн тэд чиг үүргийн яамдаас бусад яамдын сайд нарыг Их хурлаас томилохгүй, үндсэндээ Монголын төрийг “давхар дээл”-гүй байлгах нөхцөлийг бүрдүүлж эдийн засгийг тогтворжуулан, улс орныг удирдана гэж амласан. Түүний үр дүнд УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг нь аливаа яам, агентлагийн дарга нарын томилгоог нам, улс төрийн бүлэглэл, фракцуудаас ангид, зөвхөн мэргэжлийн хүрээнд ёс зүйтэй явуулахыг хэлдэг.

Ялангуяа улс төрийн албан тушаалтныг тохоон томилохдоо намчирхсан, “танай манай” гэж талцсан байдлыг таслан зогсоож, тухайн салбартаа мэргэшсэн, өндөр боловсрол мэдлэг, ажлын дадлага туршлагатай хэн бүхэнд ч боломжийг нь нээж өгч, ижил тэнцүү үйлчлэхийг шаарддаг. Мэргэжлийн ёс зүйтэй ийм байдлыг бүрдүүлснээр улс төрийн хэрээс хэтэрсэн бохир үйлдэл үгүй болж авлига хээл хахууль, албан тушаалын наймаа, өөрийг нь томилсон журмын нөхөд, бүлэглэл, фракцынхандаа үйлчлэх, тэдний өмнөөс ажиллаж утсан хүүхэлдэй болох явдал аясаараа хумигдаад ирнэ.

Цэвэр өрсөлдөөн дундаас өөрийн чадал чансаагаараа шалгараад гараад ирсэн залууст өндөр албан тушаалтанд долигонох, ая тал засаж бялдуучлах, нам улс төр гэж сэтгэл хоёрдох, эрх ашгийн бялуу хуваах ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Зөвхөн мэргэжлийнхээ хүрээнд ажлаа дээд зэргийн гүйцэтгэлтэй хийж, салбараа мандуулж, улс орны хөгжил дэвшилд бодитойгоор нөлөөлөх гарц нээгдээд ирэх нь тэр. Түүний хэрээр ард түмний ахуй амьдрал эрс сайжирч, эдийн засаг эргэлтэд орно. Дэлхийн улс орнуудын явж ирсэн зам мөр, үүх түүх ердөө л энэ.

Засаг төрийг шинээр эмхлэн байгуулах, улс орныг удирдан чиглүүлэхэд мэргэжлийн Засгийн газрын эдгээр алхмууд хөрс суурь, үндсэн чиг үүрэг нь болдог. Хэрвээ яам агентлагийн дарга сайдуудыг томилохдоо мэргэжлийн шалгуур тавилгүй, гол суурь болсон зарчмаа баримтлалгүй улс төрийн эрх ашгийн үүднээс хандвал улс орны хөгжил улам доройтож, уруугаа эргэнэ. Наад зах нь боловсрол үнэгүй болно. Өндөр боловсрол мэдлэгтэй, чадварлаг залуус намын харьяаллаар гудманд гарч лааз өшиглөөд эхэлбэл яах билээ. Ийм өрөвдмөөр харуусалтай байдалд хүргэхгүйн тулд Ардын нам засгийн эрхийг авч зайсан суух нь нэгэнт тодорхой болсон энэ цагт ард түмэндээ өгсөн амлалтдаа хүрч, мэргэжлийн Засгийн газар байгуулах нь зүйд нийцэх нь мэдээж.

Ардчилсан намын ялагдал хүлээж, энэ удаагийн сонгуульд ташраараа хад мөргөсний гол нөхцөл чинь засаглалын ёс зүйгээ умартсаных болов уу. Хоёр мянга арван хоёр оны сонгуульд Ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг хүлээн парламентад олонхийн суудал авсан. “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулсан. Харамсалтай нь Засгийн газраа эмхлэн байгуулах хамгийн хариуцлагатай цаг мөчөөсөө л тэд алдаа гаргаж эхэлсэн. Мэргэжлийн байтугай энгийн Засгийн газар ч байгуулж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Нам доторх бүлэг фракцууддаа албан тушаалын хуваарилалтын дархан эрхийг өгсөн нь хамгийн том алдаа байсан. Зарим нэг фракцынх нь нөхөд сайдын зөөлөн суудалгүй хоцорчих гээд Засгийн газрын танхимыг сунгаж татан бараг л хорь гучин яамтай, бүлэг фракц бүхэн сайдтай гараагаа эхэлж байв.

Энэхүү улс төрийн наймаа, ашиг хонжоо эрх мэдлийн төлөөх дайн өнгөрөгч жилүүдэд хэрээс хэтэрсэн дээ. Фракцын дарга нар өөрсдийнхөө мэдлээр сайд нараа томилоод дураараа дургиж эхэлсэн. Сонгуульд өвдөг шороодсон “бөх”-ийг дээрээс нь нэмж нэдэрч байгаа юм биш, бодит үнэнийг өчиж байна. Одоо эргээд харахад арай хэтэрхий дүр зураг буудаг. Даргын бие хамгаалагч сайд болчихсон ч байх шиг. Цай зөөгч, нарийн бичиг нь бас л сайд болчихоод манаргахыг үзэв шүү. Сонгуульд ялалт байгуулахад нь хувь нэмэр оруулсан нөхөд нь за тэгээд нутаг усныхан нь танил тал нь гээд бүгд л таарч тохирсон, өөрөөсөө хэтэрч хэтийдсэн суудалд тухалж байлаа.

Хүү, охин, хүргэнтэйгээ нийлж Монголын төрийг луйвардахыг ард түмэн үзсэн. Тус намын нөхөд ингэж дургиж, фракц бүлэглэлээрээ хуйвалдаж, өчүүхэн эрх ашгийн төлөө өөр хоорондоо хөлөө жийлцэж, сайдаж муудсаныхаа горыг амсан, хэдхэн хоногийн өмнө сонгогч олноор дүнгээ тавиулсан. Ардчилсан намын энэ алдааг Ардын намынхан давталгүй, мэргэжлийн Засгийн газраа байгуулна гэдэгт итгэж байна. Ардын нам мөрийн хөтөлбөртөө “Үндсэн чиг үүргийн яамдаас бусад яамдын сайд нарыг парламентын гаднаас, мэргэжлийн хүнийг нь сонгоно” гэж тусгасныг дээр өгүүлсэн.

Үүнээс гадна өнгөрөгч дөрвөн жил сөрөг хүчин байхдаа “давхар дээл”-ийг эрс эсэргүүцэж, нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй байсан. Эрх барьж буй энэ он жилүүдэд тэрхүү зарчмаа нэр төртэйгөө дагаж мөрдөх байлгүй. Тодруулбал, хоёр жилийн өмнө МАН-ын удирдлагууд давхар дээлийг эсэргүүцэж сүр дуулиантай жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Тэд “Дампуурсан төр засгийн давхар дээлийг тайлуулах цуглааныг МАН зохион байгуулж байна. Бид бүхэн давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлахгүй бол Засгийн газрыг огцортол нь, Засгийн газраа хаацайлбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байлаа. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр МАН-ын дарга М.Энхболд болон намын бусад гишүүд “Парламентын ёс зүй, засаглалын ёс зүй алдагдаад байна. УИХ Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байна” гээд давхар дээлийг тайлах хуулийн төслийг хэлэлцэхийг Их хурлын даргаас шаардаж байсан. Ө.Энхтүвшин гишүүн “Давхар дээлний асуудлыг яаралтай хэлэлцмээр байна. АН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн өмнөөс Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг татуулна, хориг тавиулна гэх юм. Ингэж өмнөөс нь тайлбар хийх нь зөв юм уу” хэмээн спикерээс ам асууж байсан удаатай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн яам буюу Хууль зүй, Гадаад хэрэг, Сангийн сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй хэмээн заасныг Ардын намын гишүүд бүрэн дэмжиж байсан. Эцэс сүүлд нь дахиад хэлэхэд, Ардын намыг хэлсэн амандаа хүрч давхар дээлгүй мэргэжлийн Засгийн газар байгуулахыг ард түмэн итгэл төгс хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“МАН-аас ард түмний хүлээх анхны хүлээлт мэргэжлийн Засгийн газар байгуулах​”​ хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тэгш ойн жилийн улсын наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд уяачид уясан морьдынхоо хурд, сойлгыг шинжиж, дунд сунгаагаа хийжээ. Сунгаанаас хийсэн сурвалжлагыг өнөөдрийн дугаарын нэгдүгээр нүүрт онцоллоо. Үргэлжлэлийг нь 11 дүгээр нүүр нийтэллээ.

Өнөөдрийн дугаарт гарсан бас нэгэн онцлох материал бол УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод буй С.Эрдэнийн ярилцлага юм. Тэрбээр “Ардчилсан нам
ямар ч үед амьдрах
чадвартай нам” хэмээн ярьсан байна. Мөн цааш нь хэлэхдээ “Нэг зүйлийг онцолж
хэлэхэд, Ардчилал бол
Монголын тусгаар тогтнолын
баталгаа юм шүү… Ардчилсан нам үйл
ажиллагаагаа яаралтай
идэвхжүүлэх ёстой. Унтаа
байдлаас нь гаргах хэрэгтэй.
Үндсэн дүрмээ өөрчилж, шинэ
шатнаас ажлаа эхлүүлэх
хэрэгтэй” хэмээжээ. Дэлгэрэнгүйгээр нь нэг, хоёр, тавдугаар нүүрээс уншаарай.

“МАН-ын албан тушаалын
хуваарилалтын хувилбарууд олон байна” нийтлэлийг хоёрдугаар нүүрээс унших боломжтой. Нийтлэлд “…Эрх мэдэл, сандал
суудлаа хуваана гэдэг том
зовлон байдаг. Яг энэ асуудал
ах намынханд тулгарчээ.
Одоо бүх хуваарилалт МАН-ын дарга М.Энхболдын
шийдвэрийг хараад хүлээзнэж
байна…” хэмээн бичсэн байна.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “МАН-аас ард түмний хүлээх анхны хүлээлт
мэргэжлийн Засгийн газар байгуулах” хэмээх нийтлэл гарлаа. “…УИХ-ын ээлжит сонгуульд
ялалт байгуулсан МАН-ыг Засгийн газраа хэрхэн
байгуулахыг итгэл үзүүлж,
улс орныхоо хувь заяаг
даатгасан ард түмэн хүлээж
сууна. Хамгийн гол нь Их
хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан мэргэжлийн Засгийн газар
байгуулахыг олон нийт итгэл
үнэмшилтэйгээр харж байгаа” хэмээн уг нийтлэл эхэлжээ. Бүрэн эхээр нь гуравдугаар нүүрээс уншаарай.

АН-ын дарга З.Энхболд өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сонгуулийн саналын тоог бүх
тойргоор нь нягталж үзэлгүйгээр анхдугаар
чуулганаа хийх нь хууль зөрчиж байна” гэж мэдээлэлдээ хэлсэн. Энэ талаарх дэлгэрэнгүйг нэг, тавдугаар нүүрээс уншина уу.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжидын ярилцлага гарлаа. Түүний “Нохойд барьдаг мод гэгчээр хамгийн дуулгавартай хэдийг нь бариад шийтгэсэн шүү дээ” хэмээх ярилцлага өнөөдрийн бас нэгэн уншууртай материал болж байна.

Эдгээрээс гадна “Утга зохиол”, “Дэлхийн спорт”, “Энэ өдөр” зэрэг хуваарь булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ