Categories
мэдээ нийгэм

Зүүн хүрээ Дашчойлин хийдэд цам харайх ёслол боллоо

Өнөөдөр Зүүн хүрээ Дашчойлин хийдэд цас харайх ёслол боллоо. Энэ талаар Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүүгээс тодрууллаа.

  • Өнөөдөр цамын ёслол боллоо. Энэ зан үйл хэд дэх жилдээ болж байгаа вэ?
  • Жил бүрийн зуны сүүл сарын шинийн есний өдөр манай хийдэд хүрээ цам гардаг. Богд хааны зарлигаар ийнхүү хийх болсон. Хүрээ цам бол зүүн хүрээнд цамнаж байсан. 1800-аад оны дунд үеэс Монголд дэлгэрч хүрээнд гарч байгаад 1930-аад оны үед хаагдаад, 2003 оноос эхлэн зүүн хүрээнд 14 дэх жилдээ гарч байна. Богд хааны үед Хүрээ 30 аймаг 10 дацангийн бүх лам нар нийлээд хурдаг шашны томоохон номын зан үйл байлаа. Дашчойлон хийд зүүн хүрээний суурин дээр байгаагийн хувьд сэргээн энэ зан үйлийг жил бүрийн зуны сүүл сарын шинийн есөнд уламжлал болгон хийж байна даа.
  • Хүрээ цамын гол утга учир нь юу вэ?
  • Хүрээ цам нь олон утга учиртай гардаг. Цам хурснаар олон сахиусыг урин залж цамнаж, түүний өмнөөс номын зан үйлийг хийснээрээ хүн зоны уур шунал, мунхаг, гай түйтгэрийг амирлуулах, байгаль цаг уур, газар дэлхийг баярлуулах гэх мэтчилэнгээр маш олон утга учиртай байдаг. Энэ нь нууц тарнийн ёсны томоохон зан үйлийн нэг юм.
  • Өнөөгийн нийгэмд ямар ямар гай түйтгэр байна гэж үзэж байна вэ?
  • Өнөөгийн ч бай, өчигдрийн ч бай хүний нийгэмд гарч байгаа бүхий л гай түйтгэр зовлон бэрхшээл нь муу сэтгэлээс гардаг юм. Энэ бүх муу сэтгэлийг амирлуулахын төлөө л бурханы шашны бүх номлол оршдог. Байгалийн бэрхшээлгүй элбэг дэлбэг, сайн сайхан байхын тухайд оршдогийг хүмүүс мэдэх болов уу. Хувь хүмүүсийн хувьд уур шунал мунхагийг дарах, байгаль дэлхийн хувьд сав шим ертөнцийг аргадаж энэ зан үйлийг хийдэг.
  • Цаашдаа танай хийдэд ямар ямар томоохон арга хэмжээнүүд болох вэ?
  • Өнгөрсөн долоо хоногт бурхан багшийн номын хүрдэн эргүүлсний дүйчин өдөр, майдар бурханы дүйцэн боллоо. Өнөөдөр цам гарлаа. Долдугаар сарын 19 буюу шинийн 15-нд хайлангийн хурлыг 45 хоног хурна. Ингээд дараа дараагийн сахиус хурал гээд цаг улирлын дүйцэн хурлууд үргэлжлээд явна даа.

О.ӨНӨРЦЭЦЭГ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *