Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар 1024 хүчтэн зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба түрүүлж Монгол Улсын аварга боллоо. Жил болгон “Тоёото моторс” компани наадмын түрүү бөхийг “Ланд-200” машинаар мялаадаг билээ. Өнөө жилийн түрүү бөх Ч.Санжаадамба аваргад тус шагналыг гардуулах үеэр цөөн хором сэтгэгдлийг л хуваалцлаа.
-Үндэсний их баяр наадамд түрүүлсэнд баяр хүргэе. Удаан хүлээсэн түрүүгээ авлаа. Сэтгэгдэл хэр байна?
-Баярлалаа. Гэр бүлийнхэн намайг дэмждэг ард түмэндээ маш их баярлалаа. Мэдээж сайхан байлгүй яахав. Заан цол сайхан ч аварга болно гэдэг илүү хүндэтгэлтэй эрхэм юм шүү дээ.
-Та наадмын өдөр их өнгөтэй харагдаж байсан. Ер нь түрүүлчихнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Сайхан барилдана л гэж бодсон. Санасандаа хүртэл барилдаж чадсандаа баяртай байна.
-Гэрээсээ цэнгэлдэх хүртэл ирэх замд чухам юу бодогдож байсан бол?
-Ханийнхаа чанасан цайны дээжийг уугаад, бурхан тахилдаа мөргөөд, зодог шуудагаа арцаар ариулаад л зүлэг ногоон дэвжээндээ ирсэндээ. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.
О.Ариунцэцэг