Categories
мэдээ спорт

Шагайн харваанд Багийн эв нэгдэл чухал

Энэ жилийн шагайн харваанд аймаг, нийслэлийн 728 харваач наадамд цэц мэргэнээ сорьж байна. Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 2, Гарамгай мэргэн 21, Монгол Улсын мэргэн 41, Дэд мэргэн 38, Харьшгүй мэргэн 19, Аймгийн гоц мэргэн 134 оролцож байна. Ахмад шагай харваачдын тоглолт 10 баг гурван хэсэгт хуваагдаж тойргоор тоглон хэсгээс нэг баг шигшээд шалгарч өнөөдөр тоглолоо. Шагайн харваачдаас хамгийн ахмад нь Дундговь аймгийн харьяат 60 гаруй жил харвасан 75 настай М.Жийлин гуай байв. Энэ жилийн нийт харваачдын 70 гаруй хувь нь залуу харваачид байна гэж Шагайн харвааны холбооноос онцоллоо.

Шагайн харваанд найман баг шалгарч үлдсэнээс Тэргүүн байранд Улсын Үлэмж мэргэн Түвшинжаргал ахлагчтай Булган аймгийн баг шалгарч, Улсын гоц мэргэн Одбаяр ахлагчтай баг хоёрдугаар байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Эрдэнэбаатар ахлагчтай баг гуравдугаарт орж наадамчин олноо баясгалаа.

Монгол Улсын Үлэмж дархан Булганбаатар “Манай баг маш сайн оролцлоо. Энэ жил манай багын харваачид дандаа залуу харваачдаар бүрдсэн байгаа. Нийт 76 харваачдаас анх удаагаа шалгарч Улсын наадамд гуравдугаар байрт шалгарлаа. Өнгөрсөн зургаадугаар сард болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хагас шигшээд гарч ирээд дараа нь Улсынхаа наадамдаа маш сайн бэлдсэн. Үүний үр дүн гарлаа” гэв.

Монгол Улсын Үлэмж мэргэн Түвшинжаргал “Манай багт Говь-Алтай, Дорноговь, Хэнтий аймгаас харваачид байна. Манай багын 60 хувь нь залуучууд байна. Улсын цолтой харваачид ч байгаа. Энэ нь багын спорт учир багын эв нэгдэл маш чухал. Манай залуучууд сайн байна. Төрийн наадамд түрүүлсэндээ баяртай байна. Манай залуучууд анх удаагаа орж байгаа. Би 28 жил оролцож нийтдээ зургаан удаа түрүүллээ ”гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *