Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Сүхбат: Ид бяр нь жагсаж, ухаан нь тэлсэн залуу бөхчүүдийн дунд наадам болно

Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат “Сайхан наадам боллоо гэж үзэж байна. Бөхчүүдийн бэлтгэл сургуулилт сайхан байна. Олон сайхан залуучууд маань дээшээ түрж гарч ирсэн. Олон шинэ цолтонгууд төрөх байх гэж бодож байна. Баяр наадмын түрүү бол ид бяр нь жагсаж, ухаан нь тэлсэн сайхан насан дээрээ явж байгаа аварга арслангуудын дунд наадам болноо гэж бодож байна”.

Монгол Улсын гарьд Даваасамбуу “Энэ жилийн наадам сайхан болж байна. Манай “Булган-Хангай” дэвжээнийхэн Булган нутагтаа очиж бэлтгэлээ хангасан. Залуучууд их сайхан өнгөтэй байна. Бэлтгэл их сайн байх шиг байна. Сайхан өдрүүд болж байна. Ардын хувьсгалын баярын мэндийг Буланчууддаа болон бүхий л Монголчууддаа хүргэе”.

Бөхийн засуул Базаррагчаа “Баяр наадам их сайхан байна. Энэ жилийн хувьд горилж байсан хэд хэдэн аймгийн арслангууд маань гурвын даваанд өвдөг шороодчихлоо. Би Өвөрхангай аймгаас урилгаар ирсэн. Бүх улсын засуулуудаа цуглуулж 1024 бөхөө барилдуулна гээд бэлдсэн байгаа. Энэ жилийн улсын баяр наадамд бөх заслаа. Энэ дашрамд Өвөрхангайчууддаа мэнд дэвшүүлье. Их нас, Соёолон морьдын уралдаанд одоогоор түрүү аваад байна. Олон аймгийн арслангууд маань гурав давлаа.Нийт ажлынхаа газрын хамт олондоо, аав ээж ах дүүсдээ баяр наадмын мэндийг дэвшүүлж байна. Та бүхэн сайхан наадаарай”.

Монгол Улсын заан Д.Бумбаяр “Баяр наадам сайхан болж байна. Өнөөдөр Ардын хувьсгалын 95 жилийн ой гээд таван түүхт ой давхацсан наадам нартай хуртай өргөн дэлгэр болж байна. Бөхчүүд өнгөтэй, наадамчид сайхан сэтгэлтэй хотлоороо сайхан наадаж байна. Би 1988 оноос хойш 28 жил төрийнхөө наадамд наадаж байна. Ер нь бол жил жилийн наадам онцлогтой сайхан болдог. Нийт бөхчүүдийн өнгө их аятайхан дор бүрнээ бэлтгэлээ сайн базаасан байна. Увс аймгийн бэлтгэл сайн байгаа. Ганбат арслан маань удирдаж Баянаа аварга маань зөвлөж явуулсан. Би өөрөө спорт хорооныхоо тамирчдыг авч дасгалжууллаа. Манай байгууллагын 95 жилийн ой болж байгаа. Сая манай аймгийн арслангууд гурав дөрөв давлаа. Цаашдаа сайн барилдах байхаа гэж бодож байна. Монголын ард түмэндээ хотлоороо сайхан баярлаарай гэж ерөөе” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *