Categories
гадаад мэдээ

Рио-ийн олимпийн үеэр 70 танк хамгаалалтанд гарна

Ирэх сард болох Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулах үүрэгтэй цэргүүдийн тоог Бразилын Засгийн газар 3000-аар нэмэгдүүлжээ.

Тус улсын Хуульзүйн яамны мэдэгдсэнээр эдгээр цэргүүд олон улсын нисэх онгоцны буудал, метроны буудал болон бусад газруудад харуул хамгаалалтанд гарч мөн элдэв халдлага гарахаас урьдчилан сэргийлэх аж.

Бразилын Хуульзүйн сайд Раул Жунгман “Рио-2016”-ийн үеэр аюулгүй байдлыг хангахад оролцох зэвсэгт хүчний албан хаагчдын тоо 21 мянгад хүрлээ. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл бид цэргүүдийн тоог дахин нэмэгдүүлнэ” гэв.

Рио-Де-Жанейро хотод 6000 цэргийг хэдийн байрлуулаад байгаа юм байна. Наймдугаар сарын 5-21-нд болох Олимпийн наадмын үеэр Рио-Де-Жанейро хотын эргэн тойронд тэнгисийн цэргийн хүчний 12 хөлөг онгоц, армийн 28 нисдэг тэрэг болон 70 танк байрлуулах аж.

Мөн 20 мянган цэрэг Олимпын хөлбөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах Белу-Оризонти, Бразилиа, Манаус, Сальвадор болон Сан-Паулу гэсэн таван хотод харуул хамгаалалтанд гарна. Риогийн Олимпын үеэр нийт 88 мянган албан хаагч, тодруулбал 47 мянган цагдаа болон 41 мянган цэргийн албан хаагчид аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулахад оролцох ажээ. Энэ нь Лондоны Олимпын үеэр ажилласан цэрэг цагдаагийн тооноос хоёр дахин илүү аж.

О.ӨНӨРӨӨ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *