“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 28-ны өдрийн дугаараас авч нийтлэв.
Анхаараарай, эрхэм хүндэт наадамчид аа. Улаанбаатараас ярьж байна… гээд цээл сайхан дуу хоолойгоо эх орныхоо цэлмэг хөх тэнгэрт цуурайтуулан ард түмнээ баясуулдаг байсан Монгол бөхийн гарамгай тайлбарлагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын начин Агвааны Ганбаатар агсны тухай түүний гэргий Н.Тунгалагтай хуучиллаа.
-Монгол Улсын начин Агвааны Ганбаатар аль нутгийн хүн бэ?
-Манай хүн 1964 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих гэдэг газар төрсөн.
-Удамд нь бөх хүн байсан юм болов уу. Радио сонсчихоод ташуураа амандаа бариад дуурайдаг байсан гэж дурссан байдаг юм билээ?
-Удамд нь бөх байгаагүй. Өөрийнх нь унаган байгалиас заяасан авьяас. 5-6 настайдаа хонь хариулж байхдаа шилбүүрээ унаад ташуураа амандаа бариад радиогоор сонссон Улсын арслан Ц.Бадамсэрээжид гуайн бөхийн тайлбарыг үг үсэг алдалгүй дуурайж хөдөө хээр талд дуржигнуултал ярьдаг байсан гэсэн. Манай хүн бага насандаа ээж, ааваасаа долоон дүүтэйгээ өнчирч хоцорсон юм. Тухайн үед ээжийнхээ дүү Энэбиш ах, Тэрбиш ах, хуурай ах Цэндоо, Батчулуун ах, бэр эгч Цэрэнчимэд нарынхаа дэмжлэгтэйгээр сайхан хүмүүжицгээсэн. Өөрөө бөхөд их дуртай, бөх болно гэж бөхийн дугуйланд орсон байдаг юм. Дугуйландаа явахын тулд гэрийнхээ ажлыг хурдхан амжуулж, дүү нартаа хоолыг нь хийж өгчихөөд бөх рүүгээ явчихдаг байж. Наймдугаар ангиа төгсөөд Налайхын ТМС руу явж, Т.Адъяатөмөр дасгалжуулагчийн шавь болсон байдаг. Тухайн үед 1964 оны луу жилтэн бөхчүүд нэг хэсэг цахиур хагалж гарч ирсэн шүү дээ. Налайхын ТМС-д байхдаа заримтай нь нөхөрлөж эхэлсэн хэрэг. 1984 онд үеийнхээ бөхчүүдийн шаардлагаар нэгэн орой бөхчүүдийн үдэшлэг хөтөлсөн юм билээ. Н.Ганбаатар багш нь Налайхад бөхийн цол их сайхан дууддаг хүү байна, түүнийг шалгаад өгөөч гээд Чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч Дамдиншарав багшид дагуулж очсон гэдэг. Тэгээд цомхон хэмжээний бөхийн тэмцээнийг тайлбарлуулж үзэхэд их сайн тайлбарлаж байсан гэсэн. Тэндээс л өсвөр үеийн үндэсний бөхийн тайлбарлагчаар ажиллуулж, бөхийн тайлбарлагч болох гараа нь эхэлсэн гэж өөрөө ярьдаг байсан.
-Та ханьтайгаа хэзээ танилцаж байв?
-Бид хоёр 1993 онд танилцсан юм. Би 1990 онд хуучнаар ЗХУ-ын Уралын их сургуулийг философич мэргэжлээр төгсөөд ирсэн байсан. Би хотод бөхийн орчноос тэс өөр газар өсч хүмүүжсэн болохоор бөхийн амьдралаас их хол байсан. Бөх хүнтэй сууна гэж зүүдэлж ч байсангүй. Сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ ажлыг хийж чадалгүй “Улаанбаатар” зочид буудалд зочин хүлээн авагчийн ажил хийж байхад А.Ганбаатар намайг олж харсан гэсэн. Спортын төв ордны хажууд байрладаг байсан учраас хаалгаар орохдоо энэ бүсгүйтэй танилцана даа гэж бодож байтал нь би ажлаасаа гарчихсан байж. Би ч гэсэн тухайн үед “Улаанбаатар” зочид буудалд олон бөх байрладаг байсан болохоор энэ бөх тайлбарлагч байна гэж мэддэггүй байсан. Түүнээс хойш 1993 онд би “Улаанбаатар” зочид буудлын хажууханд жуулчдад үйлчилдэг бэлэг дурсгалын дэлгүүрт ажиллаж байлаа. А.Ганбаатар гаднаас орж ирэхдээ өмнө нь намайг харчихсан байсан учраас гэнэт зог тусаад зогсчихсон. Хайж явсан хүнээ олсон юм шиг харцтай байж билээ. Тэндээс л эхлээд үерхэл маань эхэлсэн дээ. Түүнээс хойш 1995 онд анхны маань хүү мэндэлсэн.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Бид хоёр хүүхэдтэй. Том хүүг маань Идэрмөнх гэдэг. Охиныг маань Мөнхзаяа. Одоо хүү маань Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа эдийн засгийн ангид гуравдугаар курст суралцаж байгаа. Охин энэ жил 12 дугаар ангид орно. Хүүгийн маань Идэрмөнх нэрийг Ж.Мөнхбат аварга өгсөн. 1995 онд хүүгийн минь мэндэлсэн өдөр Улаанбаатар хотод идэрчүүдийн аварга эхэлж байсан юм билээ. Хүү маань өглөө үүрээр 08:00 цагт мэндэлсэн. Эмнэлэгт төрчихөөд байж байтал сувилагч нь “Гадаа бөх байрын том биетэй хүн байна, хэний нөхөр вэ. Тэр хүн баярлаад тааз хүртэл үсрэх нь байна шүү” гэж хэлсэн. Хань маань хүүтэй болж баярлаад чөлөөтийн тэмцээнээ тайлбарлах гээд явж байтал Ж.Мөнхбат аваргатай таарсан юм билээ. Тэгтэл аварга бэлгэшээгээд Идэрмөнх гэдэг нэр өгч байсан.
-Та хоёр анх уулзаж байхад А.Ганбаатар гуайн хоолой нь их содон байсан уу. Олон сайхан найзтай учраас гэрээр чинь орж гардаг л байсан байх даа?
-Бид хоёр анх танилцаад л шууд нэг гэрт орчихоогүй. Бие биенээ таньж мэдэх үедээ орцонд их уулздаг байлаа. Би бүрх малгайтай, монгол дээлтэй хүнтэй орцонд зогсохоосоо ичдэг байсан. Ичээд гэртээ оруулчихмаар санагддаг байсан ч оруулчихаж чаддаггүй. Яагаад ч юм миний санаанд багтдаггүй байсан. Сүүлд нь бодоход инээдтэй ч юм шиг, гоё ч юм шиг л байдаг юм. Танилцсаныхаа дараа энэ хүн чинь хэн билээ, юу хийдэг хүн бэ гэж асуухад багаасаа радиогоор хоолойг нь сонсдог танил хүн байсан. Настай л хүн байдаг байх гэж бодож байсан чинь бөх тайлбарлагч Ганбаатар маань өөрөө байхад их гайхаж байлаа. Энгийн үед уулзаад ярихад хоолой нь өөр л дөө. Микрофоны ард гараад бөх тайлбарлах үед онгод нь ороод ярьж байгаа байдал тэс өөр шүү дээ.
Манай хүн хэл ярианы баялаг ихтэй, нүүрэмгий хүн учраас үеийнхэнтэйгээ нийлэхээс гадна том цолтой аварга, арслангуудтай их найз байсан. Цолны хувьд хүндлэлтэй ч Ж.Мөнхбат аваргатай илүү дотно, хоёр гэрээрээ орж гардаг байлаа. Өөрийнх нь үеийн найз гэвэл П.Сүхбат, Ц.Баярсайхан, Х.Амараа нар. Бөхчүүд айрганд их дуртай учраас анх танилцаж байхад хөдөө их явна. Ямар ч танихгүй айлд орсон нутгийнх нь бөхчүүдийг яриад л айлынх нь хүмүүсийг уяруулчихна. Тэр сайхан яриаг сонсоод дайлуулж цайлуулж суух сайхан. Тухайн үед гэр бүл болж гараагүй байсан ч сайхан л байдаг байлаа. Ямар сайндаа л нэг шавь нь түүнийг “Өлсөж явахад цадтал ярьдаг хүн ер нь ховор доо” гэж ярьж байхыг би сонсож байсан.
-Бөх тайлбарлаж байхдаа нэг ч гацахгүй хүмүүсийн өмнөх барилдаан болоод намтрыг хэлээд байдаг. Нэлээд ой тогтоолт сайтай байсан уу?
-Ой тогтоолт их сайн. Сүүлийн 50 жилийн бөхийн барилдааны дүр зураг толгойд нь хадгалаастай байдаг гэж байсан. Бөхийн бэлтгэл дээр бөхчүүд ярилцаж байхад ярьсан яриаг нь мартдаггүй гэсэн. Ном уншаад түүхийг нь судлаад байхгүй ч нэг үзсэн барилдаан, сонссон зүйлээ мартдаггүй. Х.Баянмөнх аварга “А.Ганбаатар тайлбарлагчаас өмнө бөхийн тайлбарыг хорьдог байсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед төрсөн нутаг, байгуулсан гавьяаг зарладаггүй байсан. А.Ганбаатар тайлбарладаг болсноос хойш нутаг ус, удам судар, түүх, байгуулсан гавьяаг нь хэлж, тэдэн оны тийм барилдаанд ийм мэх хийж унагаж байсан гээд хурдан хугацаанд намтрыг нь хэлчихдэг байсан. Тэр нь барилдах гээд цолоо дуудуулж буй хүмүүст их урам өгнө. Би түүнээс нь их урам авч барилддаг байлаа. Энэ бол Ганбаатарын онцлог” гэж ярьж байсныг би сонсож байлаа. Хүмүүс Ганбаатарыг үнэн худал хэлж байгааг шалгаж, асууж шалгаадаг байсан гэсэн. Асуултад нь нэг ч бүдэрч байгаагүй. Манай хүн удирдлагын хөгжлийн институтэд сурч байсан юм. Шалгалт дөхөх үед нь чи ном, дэвтэр уншдаггүй юм уу гэж би асуухад “Хичээлээ л таслахгүй байх хэрэгтэй. Багш нарын заасан бүх хичээл миний толгойд байна” гэнэ. Хоёр хүүхдээ энэ ой ухаанаас нь өвлөсөн юм болов уу гэж харахаар одоогоор мэдэгдсэн юм алга. Хүүгээ бөхөөр явуулахыг их хүсдэг байсан ч сонирхсонгүй. Харин одоо хөлбөмбөгийн улаан фен.
-1990 оны наадмаар Дарийн Дамдин аваргыг түрүүлж тав давж начин цол авч байсан гэдэг. Тэр үеэ дурсаж ярьдаг байв уу?
-Бид хоёр танилцаагүй байсан үе. Мэдээж цол авч байгаа хүн сайхан л байсан байх. Өөрөө аль болохоор цол авахаар барилдчих санаатай ч тав давах нь ховор байсан. 1990 онд одтой сайхан барилдсан гэдэг юм. Бид хоёр танилцаад би эхний хоёр жил цэнгэлдэх хүрээлэн рүү хамт явсан. Их ганцаарддаг байлаа. Нэг, хоёрын даваанд гараад л барилдаж байтал хүмүүс “А.Ганбаатар тайлбарлах болоогүй юу” гээд яриад эхэлдэг юм билээ. “А.Ганбаатар хурдан унаасай. Бөхөө тайлбарлуулах юмсан” гэж ярилцана. Өөрөө бол аль болохоор барилдах гээд байдаг. Тавын даваа хүрчихвэл бас цолоо дуудуулчихмаар байдаг ч “А.Ганбаатар аа чи хурдан унаачээ. Бөхөө тайлбарлаачээ” л гэдэг. Би хөдөөгийн наадамд ч олон удаа дагаж явсан. Гурав, дөрвийн даваан дээр уначихаад л бөхөө тайлбарлахаар очиход алга ташилтаар угтаж авдаг байсан. Үзэгчид А.Ганбаатар уначихлаа гэж гонсойх байтал алга ташиж бөхөө тайлбарлуулахыг хүсдэг байлаа. Манай хүн ихэвчлэн тавын даваанаас эхэлж бөх тайлбарладаг байсан.Тавын даваанаас хоолой нь цангинаад бөхөө тайлбарлаж эхлэхэд үзэгчид баяр наадмын хөшиг нээгдэх шиг боллоо гэдэгсэн.
-Дээл их өмсдөг хүн байсан. Та дээлийг нь урладаг байв уу?
-Би дээл урладаггүй. Спортын ордонд байдаг оёдолчноор оёулдаг байсан. Би дээл өмсдөггүй байсан ч Ганбаатартай гэр бүл болсноос хойш наадам бүрээр хос дээл хийлгэдэг болсон. Бөхчүүд наадам, цагаан сараар шинэ дээл өмсдөг шүү дээ. Наадмаар шинэ дээлээ өмсөөд л зодоглохоор явна.
-Бөхөө тайлбарлахын хажуугаар бэлтгэл сургуулилт хийнэ гэхээр гэртээ хэр их цаг зав гаргадаг байв?
-Ер нь завгүй шүү. Гэрт байх хугацаа ховор байсан. Спортын хүн гэртээ маш бага цагийг өнгөрүүлнэ. Хүүхдүүд болон ах дүү, найз нөхөдтэйгөө сайхан харилцаатай. Их хошин, хүүхдүүдээ байнга өдөж тоглоно. Бас хоол их сайхан хийнэ. Бөхчүүд чинь мах чанаад гурилтай шөл идэх дуртай. Гурилтай шөл хийх бол өөрөө л хийдэг байсан. 40 насалсан энэ ахархан хугацаанд байгалиасаа бөхийн төлөө л төрсөн юм шиг хөдөлмөрлөсөн байдаг. 21 жил бөх тайлбарлаж, 25 жил бөхийн зодог шуудаг өмсч дэвжээнд гарсан. Сүүлийн 10 жил бөх дасгалжуулсан байдаг. Тэр үед өөртөө гурван зорилго тавьсан гэсэн. Бөх хүн байсан учраас бөх гэдэг том гэр бүлд ороод хийх ажлаа тооцоолсон. Бөхөө сайхан барилдаад начин цолд хүрчихлээ. Бөх тайлбарлаад өөртөө ч ахадмаар шагналыг ард түмнээсээ би авчихлаа. Одоо би Монгол Улсдаа төдийгүй дэлхийд дуурсагдах бөхчүүдийг гаргамаар байна гэдэг байсан. Монгол орныг бөхийн орон гэдгээр нь гадныхан танина. Үндэсний бөх хэзээ ч хаягдахгүй. Нэгэнт үндэсний бөхөөр ийм мундаг байгаа юм чинь дэлхийд чөлөөт, самбо, жүдо бөхөөр нэрээ цуурайтуулах ёстой. Тэгэхээр би өөрийнхөө шавь нарыг тэр хүртэл бэлдмээр байна гээд түүнийхээ төлөө зүтгэнэ. Бөх олон улсад очиж дэлхийн аваргуудтай гар атгалцаж байж туршлага солилцож ахина. Нүд тайлахгүй Монголдоо байвал ямар ч өөрчлөлт гарахгүй гэж хүмүүсийн өмнөөс, олон холбооны өмнөөс бөхийн спортыг дэмждэг бизнесмэнүүдтэй уулзалт хийж, хөрөнгө оруулалт цуглуулдаг байсан. Бөхийн төлөө явж байгаа учраас үйлс нь маш сайхан бүтнэ. Өөрийнхөө шавь болон Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяраас эхлээд олон сайхан тамирчинг дэлхийн олон оронд явах боломжийг нээж өгч байсан. Өөрөө ч хэл усыг нь мэддэг юм шиг Америк, Буриад, Иран, Японы тамирчидтай мөрөн дээр нь алгадаад л найзална. Нөгөөдүүл нь Ганбаатар хаачсан бэ гээд л тэмцээн дээр хайдаг юм билээ. Манай хүн дэлхийн 37 орноор явсан гэдэг .
-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн шагналыг авч байх үед ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Тухайн үед бөх тайлбарлаад бага цалин авдаг байсан. Өөрөө хичнээн сайхан барилдаад сонирхол нь байдаг ч гэсэн зах зээлийн шуурганд нэрвэгдчих гээд л байсан юм. Би хичнээн дуртай гэж яваад гэр орноо тэжээж чадахгүй болох гээд байна.
Зах зээл рүү ордог юм уу даа гэж байх үед нь буюу ид сайхан бөхийн төлөө ажиллаж сэтгэлтэй байх үед нь Монгол Улсын гавьяат цол өгөхөд өөрт нь их урам өгсөн. Тухайн үед Ерөнхийлөгч П.Очирбатаас шагналаа авч байсан. П.Очирбат гуай “Чи бөх үнэхээр сайхан тайлбарладаг. Энэ эрч хүчээрээ бөхийнхөө төлөө илүү их юм хийгээрэй” гэж хэлсэн байдаг. Тэгээд ч би ийм шагнал авчихаад яаж зах зээл рүү орох вэ дээ. Бөхийн төлөө зүтгэе гээд сэтгэл шулуудаж байсан.
-Дасгалжуулагчаар ажиллаж олон сайхан шавь бэлдсэн байх?
-“Хоршоолол клуб”-т анх дасгалжуулагч хийсэн. Тэндээс олон сайхан шавь төрүүлсэн. Дараа нь “ХОТШ” банкны захирал О.Чулуунбаатар гуай дэмжиж “ХОТШ ” клубыг байгуулж тэндээ чөлөөт бөхийн олон тамирчин бэлдэн амжилттай ажилласан. Дараа нь Өмнөговийнхоо бөхчүүдийг дэмжиж, өөрийнхөө нутгаас олон сайхан бөх төрүүлье гэж шийдэж “Говь” дэвжээг байгуулсан. Сумаасаа Энхтуяа, Энхтайван гээд ах, дүү хоёр бөхийг гаргасан байдаг. Хамгийн сүүлд 2005 онд “Говь” дэвжээндээ ажиллаж байхад бие нь өвдсөн юм. Тухайн үед нутгийн шавь Р.Сэддоржоо наймдугаар сард дуудаж “Багшийнх нь бие дийлэхгүй байна. Би чамд “Говь” клубээ өгмөөр байна. Цаашдаа сайхан өргөжүүлж ажиллаарай” гэсэн юм билээ. Төд удалгүй есдүгээр сард нас барсан даа. Наймдугаар сард бөхтэй холбоотой бүх ажлаа хүмүүст даатгаж захиасуудаа хэлсэн байдаг.
-Тэгэхээр 2005 онд хамгийн сүүлийн бөхийн тайлбараа хийжээ?
-2005 оны наадмаар өөрөө барилдаагүй бүтэн тайлбараа хийсэн юм. Гэтэл тавын даваан дээр айхтар дуу, цахилгаантай ширүүн бороо орсон. Тэр үед нь ажиглаагүй л дээ. Сүүлд ярилцсан юм. Радиогийн нэвтрүүлэгч Отгон эгч их наадмын тавын даваа эхэллээ, микрофоныг А.Ганбаатарт шилжүүлье гэхэд нөхөр маань бөхөө тайлбарлаж эхэлсэн. Тухайн үед аадар бороо орж байсан ч Ганбаатар онцгой онгод нь орж бөхөө тайлбарлаж байсан гэдэг. Наадмын талбай дахин дуу хоолойг нь сонсохгүй юм шиг, хайртай хүүгээ уйлж үдсэн юм байх даа гэж хүмүүс дурсан ярьж байсан.
-Тэрнээс хойш бөх тайлбарлагч А.Ганбаатарыг жил жилийн наадмаар үгүйлсээр байсан. Нутагт нь өөрийнх нь хөшөөг босгосон юм билээ. Хэдэн онд энэ ажил өрнөсөн юм бэ?
-Хөшөөг 2014 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын түүхт 90 жилийн ойгоор нутагт нь сүндэрлүүлсэн. Баян-Овоо сумын Засаг дарга Х.Батболдын санаачилгаар Баян-Овоо аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл нь шийдээд хөшөө босгосон. Хөшөө босгох үйлсэд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-аас 40 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Энержи ресурс болон Цэдэн багштай бага ангийн хамт олон нь хөшөө босгох энэ үйлсэд хувь нэмрээ орууллаа. Мөн Үндэсний бөхийн холбоо, Чөлөөт бөхийн холбоо болоод үе тэнгийнхэн, бөх тайлбарлагчдын төлөөлөл, нутгийн зон олон ахан дүүс, шавь нараас гар бие оролцсон. Бөх хүн барилдах үедээ мөнхөд нутаг усаараа овоглож, нутгийнхаа нэрийг алдаршуулж байдаг. Өөрийнх нь хөдөлмөр, нутаг усныхаа төлөө хийсэн ажлыг үнэлж энэ хөшөөг босгосон гэж боддог. Энэ сайхан сүрлэг хөшөөг бүтээсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат барималч Энхтөрдөө их баярлаж байна. Мөн бөхийн удамтай тэр сайхан нутгаас нь олон сайхан бөх төрөөсэй, хөшөөнд мөргөсөн эр хүний хийморь нь сэргэж байгаасай гэж хүсч байна.
-Шавь нар болон найз нөхөд нь одоо холбоотой байдаг биз дээ?
-Энхтуяа, Энхтайван, Батжаргал, Батзориг гэсэн дөрвөн шавь нь байнгын холбоотой байдаг. Найзуудаас нь Цэдэнсодном, Амараа, Баттулга нар холбоотой байдаг. Бөхийн холбооноос болоод бөхчүүдэд Ганбаатар маань одоо жаахан мартагдсан байх гэж бодогддог. Нутаг ус нь бол мартахгүй. Үргэлж холбоотой байдаг. Ялангуяа Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ 2007, 2014 онуудад аймгаа төлөөлж хувийн зүгээс бидэнд хүндэтгэл үзүүлж, мөнгөн тусламж хандивласан. Баян-Овоо сум хүүгийн маань сургалтын төлбөрийг жил бүр төлдөг. Хоёр хүүхдэдээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхныхаа ачийг хэзээ нэгэн цагт хариулаарай гэж би захиж хэлдэг.
-Бөх тайлбарлахдаа гойд сайхан дуугардаг хүн ер нь хоолойгоо гамнадаг байв уу?
-Хоолойгоо гамнаж сүйд болохгүй. Өөрийнх нь унаган авьяас. Дуу их сайхан дуулна, хөөмийлнө гээд их авьяастай хүн байсан. Хөшөөн дээр нь “Дуу, хоолой” гэдэг үг сийлсэн. Яагаад гэвэл Ж.Мөнхбат аварга А.Ганбаатарыг “Дуу, хоолой” гээд биччихсэн байхад бүгд мэднэ, янз бүрийн тайлбар хэрэггүй гэж хэлсэн учраас тэгж сийлсэн.
-Та одоо юу хийж байгаа вэ?
-Би сүлжмэлийн автомат “Stoll”машиныг Монголдоо борлуулагч “СЕГИТЕКС ХХК”-д менежерээр ажиллаж байна. Компанийнхаа захирал Сэргэлэнд тусалж дэмжиж явдагт баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Та наадам эхлэх үед догдолдог уу?
-Догдолно. Эхний таван жил нэлээд хэцүү байсан. Наадам, цагаан сар үзэх гоё ч цаанаа л нэг юм үгүйлэгдээд хэцүү юм билээ. Одоо наадам, цагаан сараар нөхрийнхөө зодог шуудгийг гаргаад, арц, хүж уугуулиад гурван өдөр байлгадаг. Одоо наадам айхтар шимтэж үзэхээ больсон. Сураг сонсож байхад А.Ганбаатар шиг хүн гарахгүй гэдэг юм билээ. Тэр хүн дахин давтагдашгүй хоолойтой учраас өөрийг нь дуурайсан хүмүүс байна гэдэг байсан.Тэд А.Ганбаатар ах аа, та бөх тайлбарлахыг зааж өгөөч эсвэл нэг дугуйлан нээчих гэдэг байлаа. Би нээрээ дугуйлан нээгээд яаж бөх зөв тайлбарлахыг заавал зүгээр юм байна гэдэг байсан. Ханиа бурхан болсноос хойш ах, дүү нар болон хоёр хүүхдэдээ юу хийж бүтээснийг нь дурсаж байг гэж бодоод “Анорад” компанитай хамтарч “Тэнгэрийн дуу” CD-г гаргасан. Өөрөө дурьдатгалаа бичнэ гээд материал цуглуулж толгойд үлдсэн олон жилийн тэр сайхан дурсамжуудыг буулгах гэж байгаад амжаагүй. Цуглуулсан материалыг нь миний аав гавьяат эдийн засагч Ч.Намдаг эмхэтгэж цуглуулаад нутгийнх нь дүү, шавь Р.Сэддоржид номыг нь бүтээх санал тавьсан. Байгаль орчны гавьяат ажилтан, Үндэсний бөхийн зөвлөх З.Жанжаадорж гуай эмхэтгэж, Р.Сэддорж дүү маань “Бадрах Од Өгөөж” ХХК, “Ажнай” корпораци, “Эвсэг кашемир” ХХК, “ОБ Пресс” ХХК-иар ивээн тэтгүүлж багшийнхаа гэгээн дурсгалд зориулж “Tэнгэрийн Их Хийморь буюу Агвааны Ганбаатар” номын цагаан хөшөөг 2009 онд босгосон. Би үе үе CD-г нь үздэг юм. Наадмын талбайд байгаа ч юм шиг дэргэд нь байгаа ч юм шиг санагддаг. Хөшөө босгосноос нь хойш нутагт нь бөхийн музей байгуулагдсан. А.Ганбаатарын булан гэж байдаг учраас хэрэглэдэг байсан хоёр зодог шуудагны нэг болоод өөрийнх нь хэрэглэж байсан зарим зүйлийг өгсөн. Нутгийн түмэн, бөх сонирхогчид тус музейд ороод харах томоохон хөрөнгө оруулалт болсон гэж бодож байгаа. Ханийн минь дуу хоолой Монголын ард түмний зүрхэнд одоо ч сонсогдсоор байгаа. Бөх гэдэг гуравхан үсгээс бүтдэг энэ агуу том спортын гэр бүлд багтан бөх хүний гэргий байж жаргал зовлонгоо хамт хуваалцаж явсан үе минь дэндүү жаргалтай мөчүүд байлаа. Удахгүй наадам болох нь ээ. Шинээр олон шинэ цолтон төрж, үзүүштэй сайхан барилдаан үзүүлээрэй гэж ханийнхаа мэргэжил нэгт бөхчүүддээ хийморийн мялаалгыг өргөе.