Categories
мэдээ нийгэм

Ц.Магалжавт улсын заан, Ш.Уламбаярт улсын харцага цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар нөхөн олголоо

“Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил гэсэн олон тэгш ой давхацсан Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шударга ёсыг сэргээж өнөөдөр Ш.Уламбаярт Улсын харцага, Ц.Магалжавт Улсын заан цолыг тус тус нөхөн олголоо. 10 жилийн өмнөх буюу 2006 оны наадмын үеэрх допингийн шинжилгээгээр улсын гарьд /одоогийн цол/ Д.Рагчаагийн шинжилгээний сорьцод анаболик стероид бодис илэрч, Д.Рагчааг Допингийн эсрэг зөрчил гаргасан гэж үзсэнтэй холбоотойгоор түүнд өвдөг шороодсон хоёр бөхийн цолыг ийнхүү нөхөн олгож байгаа юм.

Ц.МАГАЛЖАВ ГЭЖ ХЭН БЭ

Ц.Магалжав Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Буянтогтох аваргын удам дамжсан бөх. Тэрээр Эрдэнэт хотын “Хангарьд” клубийн багш, дасгалжуулагч Раднаабазарын шавь болсноор бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Шинэхэн зааны аав Цэрэндашдорж уг нь Архангай аймгийн харьяат. Гэвч тэрээр Архангайнх бус Сүхбаатарын Мөнххааны харьяат гэж зүлэг ногоон дэвжээнээ зодоглон, өвөг эцэг Буянтогтохынхоо нутаг усаар овоглодог юм. Мөн Зууны манлай заан Д.Долгорсүрэн түүний ээжийн талын хамаатан ажээ. Арван найман настайгаасаа чөлөөтийн Ганбаатар багшийн удирдлаган дор хичээллэж эхэлсэн тэрээр Их спортод чамгүй амжилт үзүүлээд байгаа. 2006 онд Монголд болсон Чөлөөтийн сонгомол бөхийн Дэлхийн Оюутны аваргаас алт, Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2000 оны цагаан сарын барилдаанд А.Сүхбатыг өвдөг шороодуулж, Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдэхэд бөх сонирхогчид түүнийг ихэд үнэлж байв. Ц.Магалжав ийнхүү 2000 оны эхээс эхлэн өнөөдрийг хүртэл монгол бөхийн спортоор тасралтгүй хичээллэж, барилдан улсын заан цол хүртээд байгаа юм.

Ш.УЛАМБАЯР ГЭЖ ХЭН БЭ

Шүхэртийн Уламбаяр Завхан аймгийн Тосонцнгэл сумын харьяат. Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээнд Улсын гарьд Б.Гончигдамба нарын нутгийн бөхчүүдийнхээ удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Энэ галд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, улсын начин Л.Нямсүрэн, Л.Лха-Очир, аймгийн арслан Д.Батжаргал, М.Баярсайхан, Ш.Пүрэвгарьд, аймгийн заан Т.Бэгзсүрэн нарын бөхчүүд багтдаг. Өнөө жил тэд мөн уламжлал ёсоор, наадмын бэлтгэлээ базаасан байна.

Н.ЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *