Өнөөдөр нийслэл хотод усархаг бороо орж, баяр наадмын зарим арга хэмжээ хойшлоход хүрсэн. Ус цаг уур, орчны судалгаа мэдээлэл шинжилгээний хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн мэргэжилтэн Б.Цогтбаатараас маргаашийн цаг агаар ямар байх талаар тодрууллаа.
-Баяр наадмын өдрүүдэд 33-38 градус хүрч халах төлөвтэй байна гэж өмнө нь мэдээлж, харин өнөөдөр Улаанбаатар хотод усархаг бороо орж, баяр наадамтай холбоотой болж буй зарим арга хэмжээ хойшиллоо. Маргааш наадмын өдөр цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-Маргааш буюу 7-р сарын 11-нд Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороотой, 22-24 хэмийн дулаан байна. Мөн баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм байна.
–Өнөөдөр хэдэн цаг хүртэл бороотой байх вэ. Шөнөдөө бороо орж хонох уу?
-Өнөөдөр ерөнхийдөө үдийн 14:00 цаг хүртэл бага зэргийн бороо орно, шөнөдөө бороо орохгүй. Баяр наадмын өдрүүдээр түр зуурын усархаг бороотой байх учраас үер усны аюулаас сэрэмжлүүлэхийг ард иргэдэд зөвлөж байна.