Өнөө жилийн наадамд 1024 бөх зодоглоно. Улсын цол горилж байгаа бөхчүүдэд хамгийн боломжтой, зарим нэгнийх нь хувьд бараг л сүүлчийн найдвар болоод байгаа. Одоогоос таван жилийн өмнө ардын хувьсгалын 90 жилийн ойгоор 15 начин төрсөн байдаг. Түүнээс Ч.Санжаадамба шууд долоо давж заан, Г.Алтангэрэл зургаа давж харцага болж байсан. Энэ жилийн хувьд тийм хэмжээний начин төрөх байх гэх тооцоо бий. Аймгийн цолтнуудын хувьд гурвын даваа хамгийн хатуу байна гэх дүр зураг харагдаад байгаа. Уг даваанд дээрээсээ татаасгүй нөхөд хоорондоо халз тунаж таарна. Мөн цолгүй олон бөх дөрөв даваад гараад ирвэл начны даваа буюу тавын давааны төгсгөлд эрэмбээрээ оноолт таарах магадлал бас бий. 2011 оны 1024 бөхийн барилдааны тавын даваанд Б.Гончигдамба А.Алтанхуягтай, Б.Сангисүрэн А.Отгонбаатартай учраа таарч байсан. Ингээд хэдхэн хоногийн дараа болох үндэсний их баяр наадмаар улсын цол хүртэх магадлал өндөртэй бөхчүүдийг танилцуулж байна.
1.Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан Оргихын Хангай. “Ховд нутгийн хөгжлийн төлөө сан”-гийн нэрийн өмнөөс барилддаг. Говь-Алтай Жаргалан сумын харьяат Монгол Улсын хүчит аварга Шаравын Батсуурийн удмын бөх юм. Тэрээр морь жилийн сар шинийн барилдаанд Х.Мөнхбаатар арслан, залуу аварга С.Мөнхбат, улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, гарьд Д.Рагчаатай түрүү үзүүрт шалгаран, үзүүр булааж шуугиан тарьсан. Тухайн цагаас хойш үзэгч олон Оргихын Хангай хэмээх оргилж өгдөг залууг улсын цолонд хамгийн ойр бөх хэмээн нэрлэх болсон. Гэвч улсын наадмын босго өндөр гэдгийг залуу арслан ойлгож, 2014 онд улсын заан Б.Сайнбаярт дөрвийн даваанд өвдөг шороодсон бол өнгөрөгч жил Архангайн Чагнаадоржийн Ганзоригтой начны даваанд тунаж барилдаад унасан.
О.Хангайгийн хувьд чансаагаар шилдэг наймд бичигдээд байгаа. Мэдээж улсын цолгүй бөхчүүдийн хамгийн эхэнд эрэмбэлэгдээд байгаа юм. Галдан Бошигтын ойн баруун бүсийн даншигт түрүүлсэн, Баянзүрх хайрхны хишиг барилдаанд Б.Гончигдамба, Э.Оюунболд нарыг хаяж түрүүлсэн гээд түүний амжилт барагдахгүй. “Хилчин” спорт хорооны дарга улсын заан Ц.Мягмарсүрэнгийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг.
2. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Мягмарын Бадарч. Сүүлийн хоёр жил дараалан төрийн наадамд дөрөв давж начны даваанд тунаж үлдээд байгаа. Өнгөрөгч жил улсын заан Б.Соронзонболдоор дөрөв давж тавын даваанд залуу арслан Э.Оюунболдод амлуулж барилдсан. Бөх судлаачдын шилж байгаагаар Оюунболд арслантай хамгийн сайн барилдсан нь Мягмарын Бадарчийг гэдэг. Тэрээр барилдааны явцад арсланг хариугүй өвдөглүүлэхийн даваан дээр босгоод ирсэн байдаг.
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын заан Д.Хишигдорж түүнийг бөхийн замд хөтөлсөн багш нь. Тэрхийн цагаан нуурын хөвөөнд сарлаг хариулж явсан хүүг бөх болгоно хэмээн дагуулж ирсэн гэдэг юм. Бадарчийн хувьд бэлтгэл сургуулилтыг маш чамбай хийдгийг Өсөхөө аваргаас аваад алдар цуутай бөхчүүд ам сайтай байдаг. 2014 оны уяачдын наадамд Б.Соронзонболд заантай түрүү үзүүрт булаалдан түрүүлж байсан удаатай. Өнгөрөгч хавар сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаанд хурц Ш.Мөнгөнбаатартай үлдэж үзүүрлэж байсан. Хийгүй нягт барилдаантай, уран гараа дэвээтэй аймгийн арсланг өнөө жил начин цолоор тогтохгүй, харцага, заан цолны төлөө барилдах боломжтой бөх гэж олон түмэн итгэж байна.
3. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Эрдэнэт хотын “Хангарьд” клуб, “Их Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү. Тэрээр бөхийн удамтай нэгэн. Түүний аав аймгийн хурц арслан Дорждэрэмийн Болд 1995, 2001 оны улсын баяр наадамд дөрөв давж, начны даваанд тулж очин О.Балжинням аварга, Б.Ганбат арслан нарт өвдөг шороодож байв. “Аавынхаа хүрч чадаагүй цолонд хүү нь хүрнэ, начнаар зогсохгүй өндөр цолтой бөх болно” гэж олон түмэн итгэл горьдлого тээж хүлээдэг.
Эрдэнэхүү одоогоос зургаан жилийн өмнө буюу 2010 онд Баянхонгор амйгийнхаа наадамд зодоглосон 256 бөхөөс найм давж түрүүлэн аймгийн арслан болсон байдаг. Сүүлд мөн аймгийнхаа наадамд дахиж түрүүлэн хурц чимэг хүртсэн билээ. Аймгийн арслан авснаасаа хойш улсын наадамд зодоглож гурав, дөрвийн даваанд өвдөг шороодоод байгаа. 2012 онд ардчиллын 23 жилийн ойн барилдаанд Ц.Содномдорж, Л.Пүрэвжав нарын харцагууд, шинэ арслан П.Бүрэнтөгс, начин Б.Гончигдамба (одоогийн гарьд) нарыг цувуулж орхин түрүүлж байсан удаатай. Тэрээр улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдаж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө болсон наадмын сорилго барилдаанд Төрөөгийн Баасанхүү начинтай үлдэж үзүүрлэсэн юм. Наадмын сорилгод сайн барилдсан бөхчүүд тэр жилээ цолоо ахиулдаг бичигдээгүй хууль бий. Эрдэнэхүү арслан 1987 онд төрсөн бөгөөд 194 см өндөр, 150 орчим килограмм жинтэй нэгэн юм.
4.Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бөх, аймгийн арслан Баярхүүгийн Бат-Өлзий. 1992 онд төрсөн тэрээр хоёр жилийн өмнө Эрдэнэт хотын наадамд найм давж түрүүлсэн. Өнгөрөгч жилийн наадмын дөрвийн даваанд Ч.Санжаадамбатай оноолт таарч барилдаад өвдөг шороодсон. Аймгийн начин цолтой байхаасаа л заал, танхимын барилдаанд улсын цолтнуудыг өвдөг шороодуулж, бөх сонирхогч олны анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн байдаг.
Тухайлбал, Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд залуу арслан П.Бүрэнтөгсийг эхний даваанд тахимдаж дайрч даваад шуугиулж байсан удаатай. Энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болсон Чингэлтэй хайрхны хишиг барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, улсын аварга Г.Эрхэмбаяр нарыг дараалуулан орхиж, түрүү үзүүрт аймгийн арслан Н.Золбоог давснаар түрүү бөхөөр тодорсон. Биеэр жижгэвтэр хэрнээ маш нягт барилдаантай, хэнд ч бярдуулдаггүй, унаа холтой түүнийг бөхийн замд хөтөлсөн багш нь аав Баярхүү нь юм билээ. Аав нь сумын заан цолтой бөх байдаг ажээ.
5.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Чинчулууны Хөхчирэнгэр. Бөхийн хүрээнийхэнд Хөвсгөлийн Батчулуун нэрээр анх танигдаж, дараа нь нэрээ сольсон нэгэн. 2012 онд Базарын Ширэндэвийн 100 жилийн ойд зориулсан Хөвсгөл аймгийнхаа наадамд аймгийн арслан Г.Батнямаар давж түрүүлсэн. Түүнд өнөө жилийн сар шинийн барилдааны үеэр Монгол Улсын дархан, Их хурлын гишүүн А.Сүхбат “Ирээдүйн бөхийн аварга” шагналаа гардуулсан юм.
А.Сүхбат аваргын уг шагналыг Ч.Санжаадамба заан, Ө.Даваабаатар, Ц.Содномдорж нарын харцагууд гээд олон шилдэг хүчтэн хүртэж байсан. Хөхчирэнгэрийн хувьд түрүү жилийн наадмаас хойш энэ жилийн наадам хүртэлх бүтэн жилийн хугацаанд тогтмол сайн амжилт үзүүлж, жигд барилдаж байгаа бөх юм. Мөн түүний ус нутаг Галт сумаас гавьяат тамирчин улсын заан Д.Цэнд-Аюуш, С.Хүрэлбаатар нарын олон шилдэг хүчтэнүүд төрсөн түүхтэй.
6.Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар. 1983 онд төрсөн тэрээр 2011 оны сар шинийн барилдаанд баруун ташаагаар тонгорох дархан мэхээрээ түрүүлж, тухайн үед жинхэнэ шуугианы эзэн болж байсан. Тэр жилийн буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадамд түүнийг начин байтугай цолонд хүрнэ гэж олон түмэн хүлээж байв. Гэвч Б.Адъяахүү багшаараа гурав даваад Сэлэнгийн Бат-Очирын Одгэрэлд дөрвийн даваанд өвдөг шороодсон билээ.
Жил бүрийн наадмын начны тааварт зүй ёсоор бичигддэг тэрээр гурав, дөрвийн даваанд тахимаа өгч, харуусалтайгаар наадмыг үдэж байсан. Өнгөрөгч жил бэлтгэл тун сайн байсан ч мөн л дөрвийн давааны оноолтод наадмын түрүү Э.Оюунболдтой учраа таараад “хяргуулчихсан”. Ямар сайндаа түүнийг наадмын одгүй бөх гэж байхав дээ. Бөхийн өргөөнд болсон томоохон барилдаануудад С.Мөнхбат аваргаас аваад бүгдийг нь тонгороод шидчихдэг хэрнээ улсын наадмаар яах аргагүй азгүйтдэг. Харин энэ жилийн 1024 бөхийн барилдаанд наран ургах зүгийн хурц арсланг начнаар тогтохгүй, дээшээ барилдана хэмээн ард түмэн итгэж хүлээдгээрээ хүлээж байгаа нь дамжиггүй ээ.
7.Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул “Увс нуур” бөхийн дэвжээ, “Сэргэн мандалт” корпорацийн бөх, аймгийн хурц арслан Нэгдэлийн Жаргалбаяр. Мөн л бөхийн удамтай, манайхны хэлдгээр төрмөл залуучуудын нэгэн юм. Түүний аав Увс аймгийн Тэс сумын харьяат, Довчингийн Нэгдэл 1979 оны наадамд Өлзийсайханы Эрдэнэ-Очироор тав давж начин цол хүртэж байсан. Жаргалбаярын хувьд Сэлэнгэ аймгийнх ч аавынхаа ус нутгийг даган “Увс нуур” дэвжээнд Балжаа аварга, Гантогтох гарьд нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн нэгэн юм. Бараг л хоёр метр орчим өндөр түүнийг жаахан зузаараад ирвэл монгол бөхийн залгамж халаа гэж үзэх хүмүүс олон бий. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй бөхийн зам мөрийг нь эхлүүлсэн анхны багш нь юм билээ. Тэрээр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн баритлдаанд удаа дараа түрүүлж, үзүүрлээд байгаа. Мөн улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдаж байна.
8.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” группийн бөх, аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо. 2014 онд Баянхонгор аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Энэ сарын аравдаар болсон Чингэлтэй хайрхны хишиг барилдаанд Б.Соронзонболд заан, Р.Пүрэвдагва начин нарыг өвдлөглүүлж үзүүр булаасан.
Үндэсний бөхөөр болон их спортоор багаасаа хичээллэсэн, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой, манай шилдэг тамирчдын нэгэн юм. Түүний их спортод үзүүлж буй амжилт үндэсний бөхийн барилдаанд нөлөөлдөг нь илт мэдрэгддэг. Бөхийн анхны багш нь Увс аймгийн харьяат, улсын заан О.Одгэрэл. Харин одоогийн багш нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Даш-Очирын Батболд.
Эдгээр бөхчүүдээс гадна Увс аймгийн Малчин сумын Оюуны Гантулга, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэрийн Бадамсамбуугийн Ганхуяг нарын аймгийн хурц арслангууд улсын цолны босго алхах боломж бүрэн байгаа. О.Гантулга түрүү жил хадам дүү болох Ц.Содномдорж харцагатай дөрвийн даваанд оноолт таараад өвдөг шороодож байсан. Б.Ганхуягийн хувьд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хамгийн олон шөвгөрсөн бөхөөр тодроод байгаа юм. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Аса” группийн бөх, аймгийн арслан Цэндзэсэмийн Чимэддоржийг мөн начин цолны тааварт зүй ёсоор нэрлэнэ. Үүний зэрэгцээ түрүү жилийн наадамд Д.Рагчаа гарьдаар дөрөв давж, начны даваанд Санжаадамба заанд өвдөг шороодсон Ховд аймгийн Дарви сумын харьяат аймгийн арслан Балдиржамцын Тайвангийн нэр ч бичигдэх нь мэдээж.
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, уран барилдаантай аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьд шуугиулаад гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.
Өнөө жилийн Бүх цэргийн наадмын түрүү бөх, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох ч дээшээ барилдаж таарна. Мөн Завханы Их-Уулын Б.Чимэдвандан, Говьсүмбэрийн Б.Гончигтавхай, Сүхбаатарын Б.Номиндалай, Увсын Х.Оргилболд, Ц.Мөнхбаяр, Ховдын Н.Батсайхан, Архангайн Э.Ванданцэрэн, Баян-Өлгийн М.Эркебулан, Булганы Д.Амарсайхан, Дорнодын П.Мөнхбат, Сэлэнгийн Б.Дэлгэрсайхан, Өмнөговийн Шоовдорын Дарханбат, Өвөрхангайн Хүрэл-Очирын Гантулга нарын шижигнэсэн аймгийн арслангууд байгаа.
Ө.Манлай