Монголчуудын өв соёлыг багтаасан үндэсний сонгодог бүтээлийг задгай талбайд тоглох шийдвэр гаргаж, 2015 оноос эхлэн монголчууд Үндэсний их баяр наадмаараа “Учиртай гурван толгой” дуурийг үзэж цэнгэсэн билээ. Өнгөрсөн жил гавьяат жүжигчин Э.Амартүвшин, ДБЭТ-ын гоцлооч Ш.Наранчимэг нар Юндэн, Нансалмаагийн дүрд тоглож байсан юм. Харин энэ жилийн шалгаруулалтаар Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Б.Энхнаран, Хоролмаад гавьяат жүжигчин Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ нар дуулахаар болжээ. Ингээд өнөө жилийн Юндэнд тодроод буй Э.Бумхүүтэй ярилцлаа.
-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд шалгарлаа. Өмнө нь та Балганы дүрд тоглодог байсан байх аа?
-“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаан болж би Юндэнгээр шалгарлаа. Өмнө нь би театрынхаа хөтөлбөрт Балганы дүрээр тоглодог байсан. Энэ жил арай өөр дүрээр орж үзье гэж шийдээд Юндэнгийн дүрээр шалгаруулалтад орлоо. Нийслэлээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь төв талбайд тавьдаг уламжлалтай болсон. Энэ шалгаруулалтад хөдөө орон нутаг болоод театр урлагийн бүх байгууллага нээлттэй оролцдог. Энэ удаагийн шалгаруулалтад “Сүлд” чуулгаас хүмүүс ирсэн байсан. Шалгаруулалт Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрт нэг өдөр явагдсан. Жүжгээ нэгдүгээр үзэгдлээс тавдугаар үзэгдэл хүртэл бүх хувцас хэрэглэлтэй төгөлдөр хууртай тоглож шалгарууллаа. Тэргүүн Юндэнд би, Нансалмаагийн дүрд Б.Энхнаран, Балганы дүрд С.Бат-Эрдэнэ, Хоролмаад гавьяат жүжигчин Ө.Уянга нар шалгараад долдугаар сарын 10-нд төв талбай дээр тоглохоор бэлтгэл ажил хийгдээд явж байна.
-Өмнөх жилийн Юндэн төв талбайд морьтой орж ирэн үзэгчдэд бэлэг барьж байсан. Энэ жил хэр өөр байх бол?
-Найруулагчаар ардын жүжигчин А.Дашпэлжээ багш маань дахин ажиллаж байгаа. Онцлог гэвэл дуулж байгаа жүжигчин өөрчлөгдсөн. Өнгөрсөн жилийн тайз гэрэл тэр чигээрээ байх болов уу. Миний хувьд монгол эр хүний чимэг болсон халхын сайхан Юндэнгийн дүрд өөрийнхөө хэмжээнд чадан ядан сайн гаргаж дуулахыг хичээж байна.
-Та сургуулиа төгсөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт орсон байх аа?
-Би 2008 онд СУИС-ийг дэд профессор, гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 2008 оноос хойш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байна. Манай ангиас дөрвөн хүүхдийг дуурийн театрт шалгалт өгүүлж, хоор юм уу анхны бэлтгэл ангид авч үзье гэж хоолой болгоноос нэг хүүхэд бүртгэсэн. Баритоноос би, Ариунаа, сафроноос Урнаа, тёнороос Хосбаяр гээд дөрвөн хүүхэд театрт ирсэн. Ариунаа бид хоёр бэлтгэл ангид орж театрт гоцлол дуучнаар орж байлаа. Ингэж л дуурийн театрын босгыг алхаж орж ирсэн дээ.
-Дуурь бүжгийн эрдмийн театрын тавигдаж байгаа бүх дуурьт орж байгаа байх. Дуулъя гэж зорьж байсан дүр бий юу?
-Дуурийн дуучдын мөрөөдөл болсон дүрүүд байдаг л даа. Сонгодог болоод Монголын үндэсний дууриуд байна. Энэ жил манай театр Д.Нацагдорж гуайн “Гүн гэрийн гүнж” гэж шинэ уран бүтээл тавьсан. Тэрний Жижи Шанюу хааны дүрд энэ жил шинээр гарч тоглосон. Энэ жилийн хувьд тэр дүрдээ их дурлаж хайрлаж байгаа. Дуучин хүн шинэ дуурийн анхны үлгэрлэх дүр болно гэдэг бахархал байдаг. Ирэх жилээс өөрийнхөө хүсэл мөрөөдөл болсон баритон хоолойндоо дуулах юмсан гэж боддог. Дүрүүддээ шалгуулж, чадвал шинэ дүр бүтээнэ.
-Та баритон хоолойтой гэсэн үг үү?
-Би баритон хоолойтой. Тиймдээ ч театрт ороод л “Учиртай гурван толгой” жүжгийн Балганы дүр бүтээсэн. Энэ жилийн шалгаруулалтад Юндэнгээс гадна Балганы дүрээ мөн шалгуулсан ч бие хаа, гар хөл Юндэнд зохимжтой гэж үзээд шалгаруулсан байна лээ.
-Танд Балганы дүр арай ойр байх байж гэсэн бодол байна уу. Яах байсан бол?
-Балганд би театрт орж ирсэн цагаасаа хойш дуулсан байна. Гарт орчихсон, өөрийн дүр гэдэг сайхан байдаг. Дүрийг олон дахин хийгээд ирэхээр тайзан дээр гарахад элдүүр нь ханасан арьс шиг зөөлөрч гарт орж хаанаас нь ч дуулсан бэлэн болсон байдаг. Юндэнгийн дүрд энэ жил гарсан ч гэсэн Балганаас ялгагдах юу байх вэ. Адилхан л монгол ахуй, монгол эр хүний зан чанарыг харуулна. Тиймээс хол зөрүү байхгүй болов уу гэж бодож байгаа.
-Анх тайзан дээр гарсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?
-Анх би театрт ороод “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд гарч байсан. Анхны дүр гээд л сар бэлдэж байлаа. УГЗ Саранчимэг багш маань намайг Балганы дүр дээр бэлдэж хөдөлгөөн, дүр хувиргалтыг зааж өгч тайзан дээр гаргаж байлаа. Их сандардаг юм билээ. Өмнөх шөнөөс нь л унтахгүй хөдөлгөөн, дүрээ бодсоор байгаад тоглолтод орж байсан. Бүтэн гурван цаг тоглолтод орчихоод дараа нь санах гээд бодоход юу ч толгойд орж ирдэггүй юм билээ. Тэгтлээ л сандарч тэвдсэн байдаг юм. Анхны дүрийг маань үзэгчид сайхан хүлээж авч байсан санагддаг. Одоо бол шинэ дүр ч гэсэн туршлага суучихсан учраас сандарч тэвдэх нь гайгүй шүү.
-Театрт дуулах, задгай талбайд дуулах хоёр ялгаатай байдаг байх?
-Театр акустиктай бидний дуу хоолойнд зориулчихсан ямар ч микрофон, техник хэрэгсэлгүй амьд хоолойгоор дуулдаг. Харин задгай талбайд том хүрээнд хамрах учраас микрофонтой дуулдаг. Бид амьд хөгжимтэй дуулж байгаа учраас сургуулилт сайн хийх хэрэгтэй. Талбайд аппаратур ороод ирэхэд зөрөлдөх, чанга сул дуугарах асуудал гарч магадгүй. Гэхдээ манай техник хэрэгслийн ажилчид маш сайн тааруулдаг. Өнгөрсөн жил сайхан болсон учраас тэр тал дээр санаа зовохгүй байгаа.
-Та аль нутгийн хүн бэ. Яагаад дуучин болсон бэ. Удамд нь дуучин байв уу?
-Би Завхан аймгийн Тэс сумын харьяат хүн. Багаасаа л урлаг, уран сайханд дуртай хүү байлаа. Хүүхдийн ямар л наадам болно оролцдог байсан. Манай нагац өвөө урлагт хайртай шүлэг, дуу бичдэг хүн байсан. Залуу байхдаа дэлхийн оюутан залуусын урлагийн спартакиад мөнгөн медальтай дуулж хуурддаг хүн байлаа. Тэгэхээр би удам дагаад л дуучин болсон байх. Тухайн үед дуурийн дуучин болно гэж бодоогүй байсан. Сургуульд орж байхад Жавхлан, Баясгалан хоёр од болж байлаа. Тэр хоёр шиг болно л гэж боддог байсан.
-Нийтийн дуучин болно гэж боддог уу?
-Оюутан байхдаа боддог байсан. Одоо дэлхийн болоод Монголын дуурийн дууг дуулж ард түмэндээ хүргэж байгаа ч гэсэн олны дунд дуулагдсан нийтийн дуутай болохсон гэж боддог. Манай ард түмэн дууч хүмүүс учраас дуучдаа их хүндэлдэг. Тиймээс түмний дунд түгсэн өөрийн дуутай болохсон гэж боддог. Жагаа багш “Нас тогтох сайхан”, Пүрэвдорж багш “Халуун элгэн нутаг” дууг дуулж байсан шиг он жил өнгөрөх тусам хэзээ ч ганддаггүй тийм уран бүтээл хийхийг бодож байна. Гэхдээ нийтийн дуучин болно гэж юу байхав. Мэргэжлээрээ ажиллана.
-Үлгэр дуурайл авдаг хүн байсан байх?
-Байлгүй яахав. Манай Ц.Пэлжээ багш намайг орж ирэхэд баритон хоолойнд дуулж байсан. “Риголетто” дуурийг 50 гарсан хойноо дуулж байгааг хараад дуурийн дуучин хүн ийм л байдаг болов уу гэж хүндэлж биширч байлаа. Болд багш гээд ах, эгч нар маань зааж сургаж өгснөөр би өдий зэрэгтэй явна даа.
-Дуурийн дуучин хэлний мэдлэгтэй байх ёстой гэдэг шалгуур тавьдаг шүү дээ. Та хэдэн хэлтэй вэ?
-Би гадаадад сургууль төгсөөгүй. Монголын бүтээгдэхүүн шүү дээ. Сургуулиа төгсөөд л театрт орсон. Монголоос гарсан, монгол арга барилтай, Монголын дуучин. Гадаадад сургууль төгссөн дуучид хэл сайн сурсан байдаг. Би олон хэлгүй ч дуугаа орчуулаад утгыг нь ойлгоод дуулчихдаг.
-Та хэр эх оронч хүн бэ?
-Цээжээ дэлдээд яваад байхгүй ч өөрийнхөө хэмжээнд эх орныхоо дууг дуулна. Эх орноо хайрлана шүү. Ажил хөдөлмөрөө сайн хийгээд эх орондоо татвараа төлөөд явж байгаа минь миний хувь нэмэр байх. Энэ миний эх оронч сэтгэлгээ болов уу. Гадны оронд явж дуулахдаа би эх орныхоо дууг дуулах дуртай.
-Олон улсын тэмцээнд явах боломж хэр байдаг вэ?
-Боломж бий. Би Буриад ардын жүжигчин Линховойны нэрэмжит уралдаанд очиж нэгдүгээр байрт орж байсан. Олон улсын тэмцээн нас заачихсан байдаг. Эрэгтэй 32, эмэгтэй 31 байдаг. Би 31 настай гэхээр бас хугацаа бага байна. Театр маань долоо хоног бүр жүжиг тавьдаг учраас их ажилтай байдаг. Ажлын хажуугаар тэмцээнд бэлдэнэ гэдэг асуудалтай. Ирэх жил гавьяат жүжигчин Э.Амартүвшин гадагшаа дуулахаар явна. Мөн нэг, хоёр хүн сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явж байгаа. Тиймээс ирэх жил миний хувьд ачаалал ихтэй ажиллах байх. Олон шинэ дүр гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Дуурийн дуучин хүн хоолойгоо яаж гамнах вэ?
-Өдөр болгон дасгал сургуулилт хийнэ дээ. Тамирчин, дуурийн дуучин хоёр яг адилхан. Өдөрт 2-3 цаг бие халаалт хийнэ. Нэг цаг гам хийгээд үлдсэн хоёр цагт нь өөрийнхөө дуулах дууг дуулсан байх шаардлагатай. Тэгж байж л хоолойны форм барина. Дуулахгүй бол форм алдагдаад хүчилж чадахаа больчихдог юм. Ханиад хүрээд хоолой сөөчихвөл формдоо орох гэж сар шахуу бэлтгэл хийдэг. Эртний эдлэл олоод олон жилийн тоос шороог нь арчиж зүлгэж байж өнгө оруулдаг шүү дээ. Хоолой, хүний авьяас чадвар гэдэг яг түүнтэй адилхан.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай аавыг Энхбаяр, ээжийг Бямбажаргал гэдэг. Би айлын дундах хүү. Ахыг маань Буянхүү, дүүг маань Дариймаа гэдэг. Харин гэргийг маань Энхцацрал гэдэг. Бид хоёр нэг хүүтэй. Хүү маань одоо ой арван сартай, Хангал гээд залуу бий.
-Та хэр цаг завтай байдаг вэ?
-Жүжгийн бэлтгэл сургуулилттай байгаа үед гэр бүлдээ гаргах цаг ховор шүү. Урлагийн хүний гэр бүл бусад гэр бүлээс арай өөр. Тэр хүний ажлыг ойлгож ар талын амьдралыг сайн авч явдаг байх ёстой.
-Та ямар зарчим баримталдаг хүн бэ?
-Аав, ээжийн сургаалаар олонтойгоо эвтэй байхыг хичээдэг. Өөрт оноогдсон ажлыг хийж нийгэмд хэрэгтэй зүйл бүтээн, үнэнч шударга байхыг л хичээдэг дээ.
-Та театрт орсон цагаасаа хойш хичнээн жүжигт тоглосон бэ?
-Монголын болоод гадаадын гол болон туслах дүрүүд нийлээд 20 гаран жүжигт тоглосон байдаг. Ирэх жилийн тавдугаар сард театрт ороод есөн жил болох учир өөрийн гэсэн тоглолт хийх санаатай байна.