Categories
мэдээ цаг-үе

Олимпод оролцож эх орныхоо нэрийг гаргах зорилготой

“Алдар” спорт хороо, “Ёкохома” компанийн тамирчин, хүндийг өргөлтийн төрлөөр “Рио-2016” олимпийн эрх аваад буй ОУХМ М.Анхцэцэгийг энэ удаагийнхаа дугаарын “Өдрийн зочин” буландаа онцолж байна. Тэрээр гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчинг урин оролцуулдаг “Дэлхийн цом”-д өнгөрсөн жил анх удаа оролцож огцом өргөлтөөр 112 кг өргөн IV байрт шалгарсан юм. Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд унаж медалиа хураалгаснаар М.Анхцэцэг нь хүндийг өргөлтийн “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тус тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж түүхэнд бичигдсэн юм.

Тэрээр аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг айлын ууган охин бөгөөд гэр бүлд нь тамирчин хүн байдаггүй аав, ээж нь цэргийн хүмүүс аж. Өөрийнхөө хүсэл сонирхлоор арван настайгаасаа 114 дүгээр сургуулийн Цэрэнням багшийнхаа дугуйланд явж хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлжээ. Бэлтгэл хийх талбайгүй тул сургуулийнхаа коридорт бэлтгэлээ хийдэг байж. Харин 2008 оноос Спортын төв ордонд бэлтгэл хийн тууштай хичээллэж эхэлжээ. Спортод анх хөл тавихад нь аав, ээж нь дургүйхэн байсан ч анхны тэмцээндээ амжилт гаргаснаар хүндийг өргөлтөөр хичээллэхийг нь зөвшөөрчээ. Тэрээр бэлтгэлээ огт тасалж байгаагүй аж. Спортоор хичээллэж эхэлснээр биеэ дааж, хэрсүү зантай болсон гэнэ.

М.Анхцэцэг 2014 онд ДАШТ-д анх удаа оролцон огцмоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарахдаа хүндийг өргөлтийн Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилсэн байна. Тус тэмцээний дараа гарсан дэлхийн чансаагаар залуучуудад тэргүүлж, өсвөр үед хоёрдугаарт, насанд хүрэгчдэд VI байрт бичигджээ. 2015 оны АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-д огцмоор 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг шахаж, VIII байрт шалгарчээ.

Харин “Рио-2016” олимпийн эрх олгох Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн түрүүлжээ. Ингэснээр Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй туйванч болж түүхэнд бичигдэж чаджээ.132 кг-ыг өргөнө гэдэг байгалиасаа уян налархай эмэгтэй хүнээс нэлээдгүй хүч хөдөлмөр, тууштай байдал шаардах нь дамжиггүй. М.Анхцэцэг нь 2009 онд буюу дөнгөж 12 настайдаа спортын дэд мастер, 2010 онд спортын мастер, дараа жил нь ОУХМ цолны болзол хангасан. Тэрээр МУГТ Н.Баярмаа шиг алдартай тамирчин болж, эх орныхоо нэрийг дэлхий, олимпийн наадамд гаргахыг хүсдэг аж. Тиймээс бэлтгэлээ сайн хийж, багш нарынхаа итгэлийг алдахгүй олимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргах зорилготой гэнэ. Түүний амжилтын нууц нь Ц.Хосбаяр дасгалжуулагчтай салшгүй холбоотой гэлээ. Мөн дэлхийд алдартай тамирчин болчихвол гудамжинд гуйлга гуйж байгаа хүүхдүүдийг байлгах асрамжийн газар байгуулах мөрөөдөлтэй аж.

Хүндийг өргөлтийн спортоор найм дахь жилдээ хичээллэж буй тэрээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд байгаа юм. Удахгүй Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *