Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын бэлтгэл хангагджээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болон дотор засвар, шинэчлэлтийн ажлыг хийж дуусгажээ. Зөөврийн болон суурин 00-ыг засварлаж, ус хангамжийг шийджээ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар шинэчлэлд 120 сая төгрөгийг зарцуулжээ.

Автомашины зогсоолын хувьд өмнөх жилүүдэд хүндрэлтэй байдаг байсан бол энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд 500 машины хүчин чадалтай дотор зогсоол бүхий сүүлийн үеийн байгууламжийг барьжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг зургаадугаар сарын 1-нээс эхлэн “Хурд” групп хийжээ. Зогсоол дотор лифт, аваарын шат гээд сүүлийн үеийн техникийг цогцлоосон гэж инженер Г.Бат-Өлзий ярив. Уг дотор зогсоолд А зөвшөөрөлтэй мөн дипломат байгууллагын машиныг зогсоох юм байна. Харин жуулчдын машиныг оруулах боломжгүй гэнэ.

Наадмын бэлтгэл ийнхүү сайн хангагдаж буй ч гол үзэгчдэдээ хүрэх тасалбар худалдаалалт хүндрэл, бухимдал үүсгэж байна. Наадмын тасалбарыг өчигдрөөс худалдаж эхлэх байсан ч уржигдраас иргэд билетийн кассны гадна сандалтайгаа ирж дараалал үүсгэсэн. Ийм дүр зураг жил бүр болдог билээ. Тэгвэл хотын дарга С.Батболд наадмын бэлтгэлтэй танилцах үеэр тасалбар худалдаалалтыг цаашид хэрхэн зохицуулах талаар тодруулсан юм. С.Батболд “Уг нь тасалбар худалдаалалтыг онлайн хэлбэрт шилжүүлье гэсэн ч хүндрэл үүссэн. Ер нь наадмын тасалбар авах хүсэлтэй олон мянган хүн бий. Тэр бүгдэд тасалбар захиалгыг хөнгөвчлөх аргыг бодож байгаа. Эцсийн дүндээ Улаанбаатар хотод 30-40 мянган хүний суудалтай стадион барих зайлшгүй шаардлага үүссэн. Сая гаруй хүн амтай. Гэтэл стадион 10 мянган хүний суудалтай. Тиймээс цаашид шинэ стадион барих асуудалд хотын даргын хувьд анхаарна гэдгээ хэлье” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *