Энэ жилийн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирсэн гомдол мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газар өнгөрсөн сарын 30-ны өдрийг хүртэл сонгуультай холбоотой 2119 гомдол мэдээллийг хүлээн авсан байна. Үүнээс Нийслэлд 1202, орон нутагт 917 бүртгэгджээ. Эдгээрээс сурталчилгааны самбар, ухуулга сурталчилгааны эд зүйл гэмтээж, алдагдсан 585, нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллээр гүтгэсэн гэх мэдээлэл 296, бэлэг тарааж, дайллага хийсэн гэсэн мэдээлэл 217, ухуулга сурталчилгаа хийхэд саад учруулсан гэх 113, хууль бус сурталчилгаа явуулсан мэдээлэл 623, сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой 39 мэдээлэл, бусад 26 мэдээллийг хүлээн авч холбогдох шалгалтыг хийсэн байна.
Эдгээр зөрчлүүдээс эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал гараагүй. Харин эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 53 буюу нийт гомдол мэдээллийн 2.5 хувийг эзэлж байна. Захиргааны арга хэмжээ тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн 572 буюу 26.9 хувь, захиргааны арга хэмжээ ногдуулсан 33 буюу 1.5 хувь, зөрчил болох нь тогтоогдоогүй 350 буюу 16.5 хувь, газар дээр нь шийдвэрлэсэн 39 буюу 1.8 хувь, захиргааны арга хэмжээ тооцох боломжгүй 269 буюу 12.6 хувь, ажиллагаанд шалгагдаж байгаа 803 буюу 37.8 хувийг шалгаж байгаа аж.
Тэрээр “Дээрх гэмт хэргээс 1316 буюу 62.2 хувийг сонгуулийн өдрүүдэд шийдвэрлэсэн байна. Сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал их гарч байгааг дурдаж байв. Сонгуулийн тухай хуулинд шилжилт хөдөлгөөнийг хориглоогүй учраас тодорхой хугацааны өмнө хүсэлтээ гаргаж, хасалтаа хийлгэх эрхтэй. Гэхдээ үүнтэй холбоотой 39 гомдол мэдээлэл ирсэн. Мөн Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй 15 мэдээлэл байсан. Эдгээрээс гомдол мэдээлэл гаргагч 12 хүн шалгуулахаас татгалзсан. Эцсийн шийдвэр гараагүй 10 гомдол, хоёр гомдлыг шүүхэд шилжүүлсэн” гэв.