“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 30-ны өдрийн №153 /5418/ дугаараас авч нийтлэв.
Хүссэн, хүсээгүй юм ямар ч дүн гарсан байг, сонгууль чамдаа баярлалаа. Хүн хүний хүсэл тусдаа болохоор нэг нь марсайж зогсоход нөгөө нь ярзайж үлдэх нь зүй.
Харин бие биеэ таних том сургууль болж өнгөрснийх нь төлөө л сонгууль чамдаа баярлалаа. Биднийг хүнтэй л адилхан хүн, ямар ч юманд нугаршгүй цэх нэгэнтэй, яахаас ч буцахгүй улайрсан нөгөөхтэй, сайнтай муутайгаа нийлж саваа дүүргэсэн үндэстэн гэдгийг хэлж өгч байна.
Яг нарийндаа, бид өөрийгөө таних тал дээр маруухан яваа үндэстэн.
Нүүдэлчний ёс суртал, социалист үзэл суртал хоёроосоо хагацан ядаж яваа монголчуудын хувьд өөрийгөө таних бололцоо тун бага гарсан юм (Одоогийн ПИАР гээд байгаа зүйлийг МАХН-ын үзэл суртлын ажил гэдэг байсан).
Жалга, жалгын мухарт малынхаа эрхшээлд, бэлчээрийг нь дагаж амьдардаг нүүдэлчид бие биеийнхээ сайн мууг мэдэх боломж хомс. Хүн юун дээр танигддаг вэ гэхээр, дундын асуудлаа шийдэх чадамж дээр л танигддаг. Муухайгаар хэлбэл “муудалцах” дээрээ л мөн чанар нь гарч ирдэг.
Муудалцаанаас хэрхэн аятай гарч байгаагаас энэ чадвар харагддаг. Манайхны дунд “Муудалцаж танилцсан хүн сайн найз болдог” гэдэг нь ийм учиртай.
Харамсалтай нь, нүүдэлчид муудалцвал байлддаг эсвэл салаад нүүдэг. Харин муудалцаан шийдэгдээгүй хэвээр үлддэг. Ердөө л хоол хүнсээ булаалдсан жаахан проблем дээр манай өнөө хэн (нэрийг цээрлэв) дүүгээ яалаа? Хэрвээ асуудлыг хэлэлцэн шийдэх туршлагатай байсансан бол хөөрхий Бэгтэр хөгширч үхэж болох л байсан ш дээ.
Дараа нь социалист нийгмийн үзэл суртал нь “Коммунизм байгуулах нь хүний хөгжлийн цор ганц зөв зам учраас энэ нийгэмд ямар ч алдаа дутагдал байхгүй” гэж үзээд бүх проблемоо нуудаг байсан. Муу муухай юм яривал нэгдүгээрт, хөрөнгөтний үзэл сурталчдад идэш болох зүйл хийлээ хэмээн буруутгахаас эхлээд “дайсанд тусалсан” зүйл ангиар яллуулахдаа хүрнэ.
Энэ үзэл суртал өөр өөрийнхөө зөв гэж үздэг нүүдэлчдэд багагүй таалагдаж байсан юм.
Хэвлэлийн бүх мэдээлэл, дуу өсгөгчөөр зарлах мэдээг хүртэл хянадаг цензур (албан ёсны нэр нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газар)-ээр бүхий л мэдээг шүүнэ. Наяад оны эхээр Хүнсний 20 дугаар дэлгүүрийн тэнд цэрэг, ардын хооронд мөргөлдөөн, зодоон болсон тухай мэдээллийг 90-ээд оны ардчиллын дараагаас л сониноос уншсан гээд бодчих.
“Цэрэг, ардын хооронд зодоон болсон гэнэ ээ” гэж тун ч итгэлтэй, намын үүрт очоод матчихгүй болов уу гэж найдсан нэгэндээ л ярихгүй бол болохгүй. Нам засгийн сонин хэвлэлд гараагүй тийм зүйлийг ярьж яваад намын хороо, цагдаа сэргийлэхэд баригдвал “цуу тараасан” хэргээр “Бүгд найрамдах…” уншуулах энүүхэнд. (“БНМАУ-ын нэрийн өмнөөс…” хэмээн уншдаг учраас ялын тогтоолыг ингэж хэлдэг байсан)
Хоёрдугаарт, яалт ч үгүй олны нүдэнд ил болсон зүйлийг бидний буруу биш. Харин өнгөрсөн нийгмийн үлдэгдэл эсвэл дайсан этгээдийн хорт явуулга гэж үзнэ.
Эдгээр хоёр шалтгаанаас болоод монголчууд өөрсний алдаа дутагдалгүй үндэстэн, ганц нэг алдаа гарвал тэр нь дайсны явуулга байж таардаг гэж үзнэ. Үзэх төдийгүй итгэнэ.
Намын үзэл сурталд итгэх, түүнээс гажихгүй амьдрах үүрэгтэй байсан үеийн үзэл суртлын инерци өнөөдөр хүчтэй хэвээр байгаа юм.
Тийм учраас л эх орны, үндэсний аюулгүй байдлын, тусгаар тогтнолын нэр барьсан өөдгүй амьтас заримдаа дийлдэшгүй байдаг. Социализмын үед яг л Эх орон, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэр бариад юу ч хийж болдог, “арай буруу юм хийгээд байгаа юм биш үү” гэж эргэлзвэл шууд л эх орны эсрэг, Монгол Зөвлөлтийн (одоогийнхоор бол ОХУ) эсрэг этгээд болж яллагддаг байв. Энэ инерци өнөөдөр ч хүмүүсийг айлгасан хэвээрээ, “энэ нөхөр уул нь луйварчин л байна даа” гэж эргэлзэвч тэрийгээ хэлчихээр эх орны дайсан болчих байх гэж айсан хэвээр байгаа юм. Айгаад байгаа учраас дотроо өөр юм бодож, эсэргүүцмээр байсан ч гэсэн “Тусгаар тогтнолчны зөв” гээд ам нь өөрөө дуугарчихаад байдаг хэрэг. Хуучин дэглэмийн үед амиа авардаг байсан рефлекс нь автоматаар ажиллаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гавыг нь тайлчихаад байхад л хоёр гараа салгаж чадахгүй, зэрэгцүүлж барьчихаад яваатай адил гэсэн үг.
Харин жил жилийн сонгууль хүн хүний тарыг таниулж, албан тушаалын тулааны ялалтын төлөө хоёр нүдээ ухаад өгөх амьтас, “эрлэг ороод ирэхэд ээж рүүгээ заах хүүхэд” эргэн тойронд маань хичнээн олон байгааг харуулж байна. Бидний эсэргүүцэж сураагүй ариун үгсийг өмнөө бариад явдаг олон олон хүн бусдыгаа тувт араас нь хутгалж ирснийг ч бас үзлээ. Хачин төлөв томоотой нэгэн, Буддагийнхаас ялгаагүй гэмгүй нүдээр тормолзуулж байгаад хээв нэг худал ярьж болдгийг харлаа… г.м.
Сонгууль чамдаа баярлалаа. Биднийг “хүний хайлангуудын набоор” бус хог шаартай ч, сор дээжтэй ч, биеэ үнэлэхээс эхлээд төрөө үнэлэгчтэй, бусадтай л адилхан сайнтай муутайгаа нийлж саваа дүүргэсэн үндэстэн гэдгийг хэлж өгсөөр байгаад талархаж байна.
Сонгуулийн өмнөх өдрүүдэд “олон жил хууртлаа, одоо хууртахгүй” гэсэн үг их сонстож байна.
Уул нь “Хэрвээ чамайг хүн нэг удаа хуурвал тэр этгээдийн буруу. Харин хоёр дахиа хуурвал яах аргагүй чиний буруу” гэж цэцэн үг бий. Үнэхээр л 1990 оноос хойших янз бүрийн шатны арав, хорин сонгуульд тувт хууртаад ирсэн бол бид өөрсдийгөө эргэн харах ёстой шүү.
Эргэлзэх эрхгүй үзэл суртал гэж байхаа больсон. Эргэлзвэл буруутдаг үг хэллэгийг дагаагүйгээс буруутахаа больсон гэдгийг сонгуулийн сургамжууд хэлсээр байнам. Энэ үнэнтэй л нийлээгүй цагт хууртсандаа гайхсаар л байх болно. Буддын сургаал хүртэл, миний сургаалыг сохроор дагахын оронд эргэлзээгээр шалгаж байж сая үнэмшээрэй хэмээн сургадаг билээ.
Сонгууль чамдаа баярласаар…