Хөвсгөл аймгийн цаа болон цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой “Цаатан фестиваль-2016” наадам 7-р сарын 6, 7-ны өдрүүдэд Хатгал тосгоны Далай тур жуулчны баазад эхлэх гэж байна. Уг фестивалийн үеэр Хөвсгөл аймгийн газар зүйн онцлог цаатан иргэдийн амьдралын хэв маяг цаа бугын онцлогийг харуулсан “Хөвсгөл Монголын Алтан хоймор” уран зураг гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатны отогт зочилж аж амьдралтай танилцах, цааны уралдаан буухиа тэмцээн, морь, цаа буга унах, үхэр тэргээр аялах, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ болно. Түүнчлэн гадаад дотоодын зочид оролцсон цаан поло, “Тайгын эгшиглэн” урлагийн тоглолт, галын наадам бөөгийн дуудлага ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.