Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж буй 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмших нь тодорхой болоод байна. Монголын компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахаар болсны наад захын эерэг нөлөө гэхэд л “Эрдэнэт”-ийн ногдол ашгийн 49 хувийг хойд хөршийн төрийн өмчит “Ростех” авахаа болино. Монголд үйл ажиллагаа явуулдаг Монголын компанид “Ростех”-ын авдаг байсан ногдол ашиг ирэхээр болж байгаа юм. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай энэ сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Зэс молибдены баяжуулах Азийн хамгийн том үйлдвэрүүдийн нэгд тооцогддог “Эрдэнэт” 100 хувь Монголын компани болж байна. Энэ шийдвэр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Ажиллаж байгаа үйлдвэр учраас эдийн засаг талаас нь харвал төлдөг татвараа төлөөд явна. Хувьцааны эзэмшил нь л өөрчлөгдөж байна. Оросын тал Эрдэнэтэд эзэмшдэг хувьцаагаа манай улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид худалдах санамж бичигт гарын үсэг зурсан гэж би ойлгож байгаа. Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс харахад хэлцэл бүрэн дуусаагүй болов уу гэсэн ойлголт төрсөн. Хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх асуудал байгаа бол Монголын Засгийн газар шат дараалаад шийдээд явах болов уу. Төрийн өмчтэй компанид хувийн хэвшил 49 хувиар орж ирсэн нь сайн хэрэг. Менежмэнт нь сайжирна. Зардал бууруулах талд ахиц гарах байх. Мэргэжлийн хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаг болох нь ойлгомжтой.
-Эрдэнэт тойрсон шүүмжлэлүүдээс хамгийн анхаарал татдаг асуудал нь шахааны бизнес. Бараг музей байгуулах хэмжээний хэрэггүй зүйлсийг төрийн томчууд энэ үйлдвэрт шахсан байдаг. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр шахааны бизнес арилах байх. Та юу гэж бодож байна?
-Шахааны бизнес бараг л арилах болов уу. Гэхдээ 51 хувь нь төрд байгаа гэдгийг мартаж болохгүй. Төрийн хувь энэ хэвээр үргэлжилбэл шахааны бизнес шууд зогсоно гэж хэлэх боломжгүй л дээ. Мэдээж өмнөх шигээ улайм цайм шахаа хийхгүй гэсэн давуу тал бий. “Эрдэнэс Монгол”-д харьяалуулах асуудал нэлээд удаан хугацаанд шийдэгдэхгүй явсан. “Эрдэнэс Монгол”-ын хувьд компанийн засаглалаа сайжруулахаар Азийн сангаас төсөл хэрэгжүүлж байгаа. ”Эрдэнэт” бүтцэд нь ороод явна гэж харахаар “Эрдэнэс Монгол”-д сайн зүйл болж байна. Намууд мэдэгдэл гаргаж, хүмүүс янз бүрийн өнцгөөс л харж байх шиг байна. Миний хувьд эерэг нөлөөлөл нь их гэж бодож байгаа. Хувийн хэвшилд Оросын талын эзэмшил шилжсэнээр “Эрдэнэт”-ийн бизнесийн шийдвэр гаргах хурд эрс сайжраад ирнэ. “Эрдэнэт”-д олон жил ажилласан хүмүүс ч юм уу, Монголын иргэд энэ үйлдвэрээс хувь хүртэх асуудал сөхөж магадгүй л дээ.
-Зарим судлаач Засгийн газар эзэмшиж байгаа 51 хувиа ч хувьчлах тал руу ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд эхэллээ. Таныг ч бас ийм байр суурьтай байна гэж ойлголоо…?
-Яг тийм ийм гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь бол Засгийн газрын эзэмшиж байгаа хувийн нэг хэсгийг иргэд, компаниудад арилжихад болохгүй зүйлгүй. Төрийн өмчийн 51 хувийн хоёр хувийг иргэд, компаниудад худалдах маягаар төрийн оролцоог багасгавал сайн хэрэг. Тэгвэл бүр л сайн үр дүн гарна. Ингэж байж жинхэнэ бизнесийн зарчмаараа явах боломж бүрдэх болов уу. Гэхдээ эдийн засагт хэтэрхий үр нөлөөтэй төсөл учраас болгоомжлол гарна. Мэдээж болгоомжлол илүүдэхгүй. Гэвч болгоомжлолоос илүү нэг зүйл байгааг мартаж болохгүй. Монголд бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид Оросын талын хувь шилжсэн нь яах аргагүй зөв алхам.
-Оросуудын нөлөө алга болчихоор Эрдэнэтийн хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудлыг санаа нийлээд шийдэж болох юм байна. Ийм замаар хөрөнгө оруулалт босгох боломжийн тухайд та юу хэлэх вэ?
-Хувьцаагаа Лондонгийн бирж дээр гаргачих бүрэн боломж нээгдэж байгаа.
-Зэсийн үнэ уналттай ийм үед “Эрдэнэт”-ийн зардал өндөр гэсэн асуудал байгаа. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр зардал нь буурч таарах байх…?
-Ер нь аль ч үйлдвэрт зардал өндөр гэсэн асуудал яригддаг. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага өнгөрсөн хугацаанд зардал бууруулах талд нэлээд сайн ажилласан. Өөрийн өртгөө бараг мянга гаруй ам.доллараар буурууллаа. Гэхдээ энэ бол нэг л удаагийн асуудал. Ирэх жилүүдэд үнэ өсч буурах цикл үргэлжилнэ. Хувийн компани менежмэнтэд оролцож эхэлснээр зардлын таналт дээр дахиад ч ахиц гарах болов уу гэж харж байна. Ганц гол зүйл гэвэл компанийн засаглал сайн, төрийн оролцоо бага байх ёстой. “Эрдэнэт”-д хувийн компани орж ирсний сайн тал нь энэ. “Эрдэнэт” зуун хувь Монголын компани болж байгаа нь маш том давуу тал. Худалдаа хөгжлийн банк авлаа гэхээр банкинд очлоо, банкны гол хувьцаа эзэмшигчид нь монгол хүмүүс биш гэх мэт яриа дуулдаж байна л даа. Гэхдээ л Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг компани. “Эрдэнэт”-ийн Удирдах зөвлөлд орос хүмүүс биш монголчууд л ажиллана.
-Эрдэнэт үйлдвэрийн тухайд Оросын зүгээс тээг тавьдаг ямар асуудлууд байсан бэ?
-Хамгийн том жишээ гэвэл зэс хайлуулах үйлдвэр байна.
-Манай талаас зэс хайлуулах үйлдвэр барих саналыг Оросын талд хэзээнээс тавьж эхэлсэн юм бэ?
-1992 оноос хойш. Ер нь бол аль далаад оноод Эрдэнэтийн хэлэлцээр эхлэх үеэс л Оросын талд санал тавьж байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Оросын талд баяжмал хэрэгтэй байсан учраас шийдэгдээгүй хэрэг л дээ.
-Одоо зуун хувь Монголын компани болчихоор зэс хайлуулах үйлдвэр барих асуудалд гадны нөлөөтэй тээг алга болох нь ээ?
-Тэгж ойлгож болно. Саяхнаас Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр тусад нь байгуулна гэсэн яриа өрнөөд байгаа.
-Техник технологийн шинэчлэл гэх мэт том асуудлууд дээр ч оросуудын оролцоо байсан байх…?
-Оросын оролцоо байсан. Анх Оросын техник технологи орж ирсэн, орос хүмүүс ажиллаж байна гэх мэт шалтгаан бий. “Эрдэнэт”-д барууны техник технологи үе шаттайгаар нэвтэрч байгаа л даа. Гэхдээ Оросын талын нөлөөллөөр шийдвэр нь удаж гардаг зэрэг асуудал байсан. Шийдвэр гаргадаг бизнесийн хурдын хувьд хамаагүй сайжирна. Эрдэнэт үйлдвэрийн концепци боловсрогдож байна. Оросууд нэлээд нөлөө, оролцоотой яваа гэж дуулдаж байсан. Одоо бол энэ бүх асуудлыг Оросгүйгээр өөрсдөө шийдээд явах боломж бүрдэж байна.
-Эрдэнэтийн нөөц нэмэгдэх боломж хэр өндөр вэ?
-Нөөц нь нэмэгдэх магадлал өндөр. Эрдэнэтийн одоо ашиглаж байгаа газраас урд, хойно нь нөөц бий. Тэрний гадна талд ч хайгуул хийхээр тусгай зөвшөөрөл авчихсан байгаа юм билээ.
-Зэсийн үнэ өсөхөөр ногдол ашгийн хэмжээ дагаад өснө. Гурваас дөрвөн жилийн дараа зэсийн үнэ өснө гэсэн таамаг бий. Оросын талын хувь Монголд ирчихээрЭрдэнэтээс хүртэх өгөөж эрс нэмэгдэх нь ээ?
-Тэгнэ. Ногдол ашиг нь Монголд үлдэж, Монголын хөрөнгө оруулалт, Монголын хөгжилд л зориулагдана гэсэн үг.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр хамгийн их татварыг төсөвт төлж байгаа. Ялгаварлан гадуурхагдсан байдлаар асар их хэмжээний татвар төлдөг. Нөөц ашигласны төлбөр гэхэд л 16, 17 хувь байх жишээний. Хувийн компани бол тэсэхээргүй татвартай явж байгаа л даа. Хувь эзэмшилд өөрчлөлт орсноор энэ асуудал ч нэг мөр яригдаж таарах байх.
-Оросын тал хувиа зарчихаар заавал орос хүн ажиллах ч шаардлагагүй болж байна уу?
-Бараг тийм дээ. Үнэхээр чухал орон тоо бол, орос мэргэжилтэн ажиллахаас аргагүй тохиолдлоос бусад нөхцөлд монголчууд ажиллаад явах байх. Бүх зүйл нарийвчилж яригдах үед хийгдэх тохироо болов уу.