Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусаны нислэг буюу бидэнд хамгийн ойр наран шарлагын газар

Солонгосын хоёр дахь том хот Бусан, Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болж өчигдөр эхний нислэгээ хийлээ. Ингэснээр Чингэс хаан олон улсын нисэх буудлаас дөрвөн цаг гучин минут нисээд л Бусанд оччих юм билээ. Энэ хот бол Солонгосын төдийгүй Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын нэг. Хөгжлөөрөө барууны орнуудыг санагдуулам бөгөөд далайн эрэг дээр байдаг зөөлөн уур амьсгалтай. Ялангуяа зуны гурван сардаа цаг агаарын хувьд нэн таатай байдаг тухай Солонгост амьдардаг монголчууд ярьдаг. Хэт их халахгүй мөртлөө бага зэргийн чийглэг агаар нь очсон хүн бүрийн сэтгэлд нийцдэг гэсэн. Мөн худалдаа, аж үйлдвэрийн томоохон хотын тоонд зүй ёсоор багтдаг болохоор амралт, чөлөөт цагаараа жуулчлахад нэн тохиромжтой. Тэндхийн дэлгүүр болон худалдааны төвүүд нь жуулчдын улиралд бараа, бүтээгдэхүүнээ “зад” хямдруулан Бусаныг зорьж ирсэнд нь хариу талархал илэрхийлдэг гэнэ. Мөн энэ хот гайхалтай сайхан наран шарлагын газар олонтой. Яг л барууны орныг санагдуулам далайн эргийн наран шарлагын газарт нь жуулчид төдийгүй солонгосчууд ихээр очдог юм билээ. Ийм л сайхан хотод монголчууд бид хэдхэн цаг нисээд хүрч очих боломжтой болжээ. Урьд нь ийм шууд нислэг байгаагүй болохоор далайн эрэг дээр амрах хүсэлтэй ихэнх монголчууд Хайнан руу явдаг байв. Гэхдээ Хайнанд амрах тийм ч амар байгаагүй. Яагаад гэвэл нэгээс нөгөө рүү дамжин нисэж байж зорьсон газраа очдог болохоор онгоцоор удаан нисэх дургүй хүмүүст төвөгтэй байсан юм. Буянт-Ухаагаас Бээжингийн “Капитал” нисэх онгоцны буудалд буугаад тэндээ дараагийн онгоцоо хэдэн цаг хүлээх хэрэгтэй болдог. Арай хийж дараагийн онгоцондоо суусны хойно Саняа хотод хүрч цаашаагаа автобусаар явах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар аялахаар ихэнх хүн замдаа ядарчихаад байдаг байлаа. Бас гаднах харагдах байдлаасаа бид Хайнан арлынхантай огтхон ч адилгүй. Харин солонгос, монгол хоёр тэгтлээ ялгараад сүйд болохгүй. Солонгост очсон монголчууд “нүүр царай ижил шахуу болохоор эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг” гэж ярих юм билээ. Энэ бол тухайн оронд аялахын бас нэг чухал хүчин зүйл болдог.

Сүүлийн үед дэлхий даяарх жуулчлалыг хятадууд тэргүүлж байгаа юм билээ. Нэг тэрбум хүн амтай болохоор арга ч үгүй биз. Аялах гэж буй хүмүүс нэн тэргүүнд хамгийн ойр, хамгийн таатай газар руу явдаг жишиг бий. Үүний дагуу хятадууд үй олноороо Солонгос руу жуулчилж байгаа ажээ. Томоохон худалдааны төв, жуулчдад зориулсан гудмаар нь хятадууд хөлхөж эхэлсэн гэнэ. Улс орныг нь зорин ирж буй уг цувааг солонгосчууд зүгээр нэг хараад өнгөрөхийг хүсээгүй бололтой. Тэд бүр улсынхаа хэмжээнд бодлого боловсруулан хятадуудад таатай сэтгэгдэл төрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Юу вэ гэвэл Солонгост байдаг дэлхийн төдийгүй дотоодын брэнд дэлгүүрээр нь үйлчлүүлбэл урамшуулдаг болжээ. Ингэхдээ зүгээр нэг гарын бэлэг нэртэй хэрэгтэй, хэрэггүй зүйл өгчихдөггүй. Хятад улсын иргэн гэдгээ нотолсон гадаад паспортоо үзүүлбэл бүх бараагаа 50 хувь хямдруулан олгож байгаа гэнэ. Энэ бол жуулчдыг урамшуулж буй маш том бэлэг. Ерөөсөө аль ч газар очсон хүмүүсийн хамгийн таатай хүлээж авдаг зүйл хямдралтай үнэ байдаг. Энэ бодлогод татагдан хятадууд бөөн бөөнөөрөө Солонгосыг зорьж байна. Үүнтэй адил монголчууд бид ч гэсэн гаднын төдийгүй дотоодын жуулчдаа урамшуулсан олон ажил санаачилж, зохион байгуулмаар байгаа юм. Манайхан гадны иргэдийг боодол, боодол ам.доллар болгож хараад байгаа болохоос биш угтаа бол харин ч уян хатан үнийг санал болгох хэрэгтэй. Бидний тоож хардаггүй, бас худалдан авдаггүй монгол хүүхэлдэй, эсгий сувинеруудыг гадаадын жуулчдад тал үнээр нь худалдаж болох юм. Энэ мэтээр аялал жуулчлалын бодлогоо өөрчлөх цаг хэдийнэ болжээ.

Бусан-Улаанбаатарын шууд нислэг бидэнд олон давуу талыг бий болгоно. Яагаад гэвэл Бусан аж үйлдвэрийн томоохон хот. Тэнд орчин үеийн янз бүрийн үйлдвэрүүд хөгжиж байгаа. Хөгжиж буй манай улсад үйлдвэр хэрэгтэй. Тэгэхээр бизнес эрхлэгчид Бусан хоттой харилцаа холбоо тогтоож хамтран ажиллахад илүү дөхөм болж байгаа юм. Түүнчлэн жирийн иргэд аялал зугаалгаар явахдаа Бусаныг зорих олон шалтгаантай болж байгаа юм. Хамгийн наад захын жишээ нь тэндхийн наран шарлагын газар. Зуны амралтаараа аялах гэж байгаа хүн гэрээсээ богино цамц, өмдтэй гарч дөрөв тавхан цагийн дараа Бусанд буучихна. Тэнд далайн эргийн тохилог зочид буудал, хямд үнэтэй худалдааны төв, найрсаг үйлчилгээ, бидний идэж сурсан солонгос хоол бий. Тав тухтай аялахад хэрэгтэй бүхнийг Бусан хот цогцлоосон. Тиймээс монголчууд бидэнд далайн эргийн тохилог наран шарлагын газар улам ойртож байгаа юм.

Харин монголчууд ингэж аялахад хамгийн түрүүнд визний асуудал тулгамддаг. Тиймээс Солонгосын Элчин сайдын яамныхан уг асуудал дээр онцгой анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Визний нөхцөлөө хөнгөлж аяллын виз хүссэн хүмүүст түргэн шуурхай үйлчилдэг болмоор байгаа юм. Зөвхөн Солонгосын төдийгүй манай төр засгийнхан уг асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж чадвал монголчууд бидэнд далайн эргийн наран шарлагын газар тун ойрхож болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *